Францын “Rhodia” брэнд хувцас болон амиллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Францын “Rhodia” брэнд хувцас болон амиллаа

Өчигдөр “Чингис” зочид буудлын хурлын зааланд “Rhodia Fashion show”
боллоо. Францын нэрт Rhodia /Родиа/ брэндийн дэвтэр, харандаагаар  Урлах
эрдмийн дээд сургуулийн чадварлаг дизайнерууд шинэлэг санаа, ур дүй,
хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ шингээсэн 80-аад төрлийн гайхамшигт загварыг
толилууллаа.


Энэхүү шоунд Францын алдарт брэнд “Rhodiа”-гын тэмдэглэлийн дэвтэр,
харандаа, цааснууд дэгжин даашинз, ихэмсэг малгай, залуусын эрх чөлөөт,
эрч хүчит сэтгэлгээг илтгэсэн өмд, гайхалтай гутал, хээнцэр цүнх болон
хувирч, анх удаа Монголын загварын тайзнаа амилав. Гоёхон байлаа. Баг
бүрийн загварууд өөр хоорондоо давтагдашгүй, өвөрмөц, шинэлэг шийдэл
бүхий байсан юм.

Тайзнаа мөрөндөө цагаан далавч бүхий нимгэн цагаан торгон даашинзтай
бүсгүй намуухан аянд уусах мэт бүжиглэсээр танхимын дунд гарч ирэхэд
үзэгчид ихэд гайхан байлаа. Түүний нойтон цагаан даашинзны цаанаас
нүцгэн бие, гоо үзэсгэлэн нь гэрэлтэн байв. Хөгжмийн аянд тачаадан бүжих
бүсгүй өөр дээрээ улбар шар өнгийн будаг асган хар өнгөтэй холин Rhodia
брэндийн голлох өнгийг гайхамшигийг өөртөө уусган байлаа. Түүний дараа
тайзнаа үндэсний хэв шинжийг агуулсан авангард загварын хувцастай хатад
балетийн каскитай өлмий дээрээ алхсаар тал нутгийн аялгуунд загвараа
гайхуулан бүжиглэх нь үнэхээр гайхалтай байсан. Гэнтийн бэлэг дүүрэн
энэхүү шоуны голлох хоёр өнгө бол хар дэвсгар дээрх улбар шар байлаа.
Танхим дүүрэн үзэгчдийг догдлуулан гайхшруулан алга ташилтаар амьсгалсан
энэ шоу халуухан  байсан шүү.

Энэхүү шоунд Урлах эрдмийн дээд сургуулийн залуу дизайнерууд найман баг
болон өрсөлдсөн юм.  Уралдааны нэгдүгээр байранд наймдугаар баг буюу
дизайнер Н.Нямцэцгийн бүтээлүүд, хоёрдугаар байрт зургаадугаар баг буюу
дизайнер М.Энхжаргал, гуравдугаар байрт дөрөвдүгээр баг буюу дизайнер
В.Пүрэвсүрэнгийн бүтээлүүд тус тус шалгаран “Clairefontaine-Rhodia”
/Клейрфонтэйн-Родиа/ брэндийн бичиг хэргийн бүтээгдэхүүний эзэд болов.  

Энэхүү сонирхолтой шоуг “Винкс Континенталь” ХХК болон Урлах эрдмийн дээд сургууль хамтран зохион байгуулсан юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж