Ирландын үр хөндөлтийн тухай хуулийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ирландын үр хөндөлтийн тухай хуулийг шүүнэ

Европын хүний эрхийн шүүх Бүгд найрамдах Ирланд улсын үр хөндөлтийн эсрэг хууль эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн эсэхийг шүүх гэж байна. Ирландын гурван эмэгтэй гадаад улсад очиж үр хөндөлт хийлгээгүй бол эрүүл мэндийн байдал нь эрсдэлд орох байсныг мэдэгдэн Страсбургийн шүүхэд хандсанаар Ирландын үр хөндөлтийн эсрэг хуулийн талаарх хэрэг сөхөгдсөн байна. Ирланд улсад хэрэв амь насанд нь аюултай л биш бол үр хөндөлтийг хуулиар хориглосон байдаг ажээ.

Хэрэв энэхүү гурван эмэгтэйн хэргийг шүүхээр зөвтгөвөл Ирландын үр хөндөлтийн эсрэг хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй болох юм. Энэхүү асуудал нь Католик үндэстнүүдийг үзэл бодлоороо хуваагдахад  хүргэжээ. Сүүлийн жилүүдэд Ирланд улс харьцангуй чөлөөтэй, шашинаас ангид болсон ч үр хөндөлтийн эсрэг хүчтэй тэмцэл нийгмийн дунд одоог хүртэл байсаар байна.  Жил бүр 4,000 орчим Ирланд эмэгтэй гадаадад очиж үр хөндүүлдэг гэсэн тоо баримт байдаг ажээ.

Хуульчид дээрх гурван эмэгтэйг Ирландаас гарч үр хөндүүлсэн нь гутамшигтай хэрэг ч хэрэв үр хөндүүлэхгүй тохиолдолд эрүүл мэндийн байдал нь хүндэрч болох байсан тухай хэлэлцэж байна. Гурван эмэгтэйн хоёр нь Ирландын иргэд бөгөөд нэг нь Литва үндэстэн ч Ирландын иргэншилтэй ба гурвуулаа Англид очиж үр хөндүүлжээ. Эхний эмэгтэй савны гадуур жирэмсэлсэн бол хоёрдах нь хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэж байсан харин гуравдах нь архинд донтохын эсрэг эмчилгээ хийлгэж байсан байна. 

Ирландын засгийн газар төрөөгүй хүүхдийн эрхийн тухай уламжлалт үзлийг сөхөж, үр хөндөлтийн тухай хууль нь урт удаан хугацаанд Ирландын нийгэмд гүн гүнзгий шингэсэн ёс суртахууны үнэ цэнэ дээр суурилж баталсан тухай мэдэгдэж, хуулийг өөрчлөхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж