Санкт Петербургт суралцах оюутны тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Санкт Петербургт суралцах оюутны тоог нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлал Санкт Петербург хотод очсоноор үргэлжиллээ. Пискаревскийн хүндэтгэлийн цогцолборт хүрэлцэн очиж, эх орон хөшөөнд цэцэг өргөсний дараа Санкт Петербург хотын захирагч хатагтай В.И.Матвиенкотой уулзалт хийсэн юм. Хоёр орны хамтын ажиллагаа, түүний дотор Улаанбаатар, Санкт Петербург хотуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар гол яриа өрнөж, тус хотод сурч буй оюутны тоог нэмэх, харилцан үзэсгэлэн гаргах, мэргэжилтэн солилцох, хот төлөвлөлт, урлаг соёлыг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Санкт Петербург нь холбооны хотын статустай бөгөөд хаант Оросын нийслэл, түүх соёл урлагийн төв гэдгээрээ онцлогтой юм байна.

Эрмитаж, Мариинский  гэх мэт музей театраараа дэлхийд  алдартай тус хотод хүн амын бодит орлого  нь  огцом өсч байгаа гэх үзүүлэлт гарчээ. 2010 оны эхний хагас жилд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 8.3 , боловсруулах салбар нь 10.1 хувь өссөн бөгөөд агаарын болон төмөр замын тээврийн чухал зангилаа хот болж чаджээ. СанктПетербургаас ОХУ-ын  хоёр дахь Ерөнхийлөгч В.В.Путин төрсөн гэдгээрээ тус хотынхон бахархдаг юм байна. Энэ хотод монголын олон залуус боловсрол эзэмшсэн бөгөөд одоо ч их дээд сургуульд нь манай улсын 200 гаруй оюутан суралцаж  байна. ОХУ-д нийтдээ Монгол Улсын 1500 гаруй оюутан суралцдаг ажээ. Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт алдарт Эрмитажийн музей үзэж, “Мариинский”-ийн эрдмийн театрт “Хунт нуур “ бүжгийн жүжиг үзлээ. Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж