А.Е. Новожиловт хүчээр хэрэг тохохыг санаархсан гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

А.Е. Новожиловт хүчээр хэрэг тохохыг санаархсан гэв

Шүүх ажиллагаанаас оргон зайлж Монгол Улсын хилээр  гарсан нь тогтоогдсон “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е. Новожилов  харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 2.5 тэрбум төгрөгийг баталгаагүй зээлд  олгож, 290 сая төгрөгийг барилга засварын ажил нэрийн дор хуурамч гэрээ хийж хувийн харилцах дансандаа шилжүүлсэн  хэрэгт  буруутгагдаж  байсан юм. Түүний өмгөөлөгчийн хэлснээр  “Говь Ураль” компанид зээлдүүлсэн  2.1 тэрбум төгрөгийн зээлийг А.Е. Новожилов ганцаараа бус ТУЗ хурлаар хэлэлцэж шийдсэн. Гэтэл  ажлаас нь халж улмаар УМБГ-т шалгуулсан нь үндэслэлгүй, нотлох баримтгүй зүйл юм. Тэрбээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлоо шүүхэд өгөхөд бүх шатны шүүхээс ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргаж байсан. Харин “Транс” банкны  ТУЗ-ын дарга Д.Энхтайван А.Е. Новожиловын эсрэг баримт цуглуулж түүнийг буруутгахыг санаархаж, хууль хяналтынхан  нэг талд үйлчилж байсан нь түүнийг оргон зайлахад нөлөөлсөн байх”  гэжээ.  А.Е. Новожиловыг оргон зайлснаас хойш түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар холбоо бариагүй бөгөөд өмгөөллийн төлбөрөө ч аваагүй байгаа аж. Түүнчлэн Оросын 51 хувь,  Монголын 49 хувийн  хөрөнгө  оруулалттай “Транс” банкны Оросын талын хувьцаа эзэмшигчид А.Е. Новожиловыг ямар ч буруугүй гэж мэдэгджээ.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж