Ц.Балдорж агсны бүтээлийг есөн ботьд мөнхөллөө

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ц.Балдорж агсны бүтээлийг есөн ботьд мөнхөллөө

Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн сэтгүүлзүйн  утга зохиолын болон дэлгэцийн бүтээлүүдийг есөн боть ном болгон хэвлүүлж, мөнхөллөө. Өчигдөр тэрхүү бүтээлүүдийг “Өнөөдөр” сонины редакцийн хойморт залах ёслол боллоо. Анх 2008 онд түүний сэтгүүлзүйн шилдэг бүтээлүүдээр Р.Чулуун, Н.Шүр нар “Далай ээж цаазын тавцанд” номыг хэвлэж, хүндэт доктор Л.Түдэв гуай өмнөх үгийг нь шадлаж байсан. Ц.Балдорж агсны бүтээлүүд эмхтгэл болон гарч “Сэтгүүлзүй”, “Хүмүүс”, “Аяны богц”, “Далай ээж”, “Зул цэцэг”, “Зэрэглээ”, “Элсний нүүдэл”, “Сэтгэлийн толь”, “Нарс их үзсэн жил” гэсэн есөн боть бүтээл төржээ. Мөн дэвтэр тус бүрт Л.Түдэв, Х.Цэвлээ, Д.Дорждулам, Ц.Дашдондов, Р.Чулуун, Д.Цоодол, Батбаяр, С.Батбаатар, Т.Ганчимэг, Г.Аюурзана нарын монголын сэтгүүлзүйн болон утга зохиолын түүхийг бүтээгчид оролцож ариутган шүүсэн байна.

2008 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсаны  дурсгалыг хүндэтгэж түүний үр хүүхэд, хань болон сониныхон нь хүндэт эрхлэгчээ, анд нөхөд нь найзыгаа дурсдаг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон юм. Энэ онд уран бүтээлийг нь эмхтгэл есөн боть номыг хэвлэн уншигчдын гарт хүргэсэн бөгөөд үүнд жүжгийн болон кино зохиол, тууж, өгүүллэг, аян замын тэмдэглэл, сэтгүүлзүйн асуудал хөндсөн өгүүллэгийн гэсэн өөрийн төрөл жанраар бичигдсэн есөн боть бүтээлүүд нь багтжээ. Мөн эдгээр номуудаас “Өнөөдөр” сониныхоо редакцийн хойморт залрах нэг хувь есөн ширхэг номыг арьсаар хавтаслан тоноглож, нуруунд нь цул мөнгийг алтаар шаруулан арга билгийн хамт эрдэнийн есөн чулуугаар гоёж чимэглэжээ. Энэ үеэр түүний нэгэн цагийн эрхэм нөхөд, үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сониных нь хамт олон цуглаж хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж