”Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийг нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

”Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийг нууцалж байна

Төрийн өмчийн хороо болон Засгийн газрын комисс “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг бай­гуу­лахдаа порцедурын алдаа гаргасан учраас гүй­цэт­гэх захирлын сонгон шалга­руулалт гацаанд ороод байгаа. ТӨХ алдаагаа засч “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг томилжээ. Харин тэд ТУЗ-д хэн хэн багтсаныг одоо­хон­доо нууцалж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбиш “ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Энэ ондоо багтаж анхны хурлаа хийнэ. Хурлаар гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үнэлгээг хэлэлцэнэ” гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Нэгэнт Монгол Улсын хуулийн дагуу, тэр дундаа нийт иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах компанийн удирдлагыг сонгож томилчихоод нууж хаагаад байгаа нь ойлгомжгүй юм. Ер нь “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон асуудал их ээдрээтэй болж, тэр хэмжээгээрээ цаг хугацаа алдаж байна. Уг нь анхнаасаа ингэж завааруулахгүй зөв дарааллаар явсан бол өнөөдөр гүйцэтгэх захирлаа аль хэдийнэ сонгочихсон, хөрөнгө оруулалт, олборлолтын үйл ажиллагаа руу шуударч байх ёстой байв. Гэтэл мэдсээр байж сонгон шалгаруулалтын дараалал зөрчсөнөөс болж ийм байдалд орчихлоо. Мөн Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах гэрээт олборлогчийн тендер ч хүчингүй болоод байгаа. Урьдчилсан сонгон шалгаруулалтад Австралийн Лейтон, Макмахан, Германы РВМ нар шалгарч үлдээд байсан ч багагүй хэл ам дагуулж байлаа. Харин үнэлгээний хороо тэдний материалтай танилцаад хангалтгүй гэж үзэн тендерийг цуцлах шийдвэр гаргасан аж. Тиймээс оператор компанийн сонгон шалгаруулалтыг дахиад шинээр эхлүүлнэ гэсэн үг. Оператор компани нь “Эрдэнэс Тавантолгой” уурхай буюу монголчуудын эзэмших хэсэгт хөрс хуулж, нүүрс олборлож өгөх үүрэгтэй. Харин Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах олон улсын хөрөнгө оруулагч, консорциумуудыг сонгон шалгаруулах тендерийг энэ сарын 8-наас эхлэн абан ёсоор зарлаад байгаа. Энэ ажилд элдэв саад учрахгүй бол ирэх оны нэгдүгээр сардаа багтаад цэгцрэх боломжтой аж. Эндээс монголчуудын эзэмшиж, ашиглах хэсгээс урьтаад гадныхны ажил эхлэх нь гэсэн дүр зураг харагдаж байна.      

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж