Европын лигийн J хэсэгт Францын “ПСЖ” дараагийн шатанд шалгарах эрхээ бараг л аваад байсан. Тэд сүүлийн тоглолтоо Украины “Карпат” багийн эсрэг хийж 1:1-ээр тэнцсэнээр 12 оноотой хэсгээ тэргүүлсэн бол хэсгээс шалгарах гол өрсөлдөөнийг хийсэн “Севилья”, “Боруссия Дортмунд” багийн тулаан тун сонирхолтой өрнөлөө. Нэг оноо дутуу явсан Дортмундын баг зөвхөн хожиж байж хэсгээс шалгарах байсан тул тоглолтын эхнээс довтолж, зорилгодоо хүрчээ. Дөрөв дэх минутад Шинжи Кагава тооны харьцааг нээсэн ч Испанийн багаас Ромарик, Кануте нар тооны харьцааг 2:1 болгож, улмаар 49 дэх минутад Невен Суботич тооны харьцааг 2:2 болгосон ч үлдсэн цагт гоол орсонгүй. “Севилья” 10 оноотой хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан бол есөн оноотой “Дортмунд” европын тавцан дахь тулаанаа дуусгав.
К хэсгээс шалгарах нь тодорхой болсон Английн “Ливерпуль” сүүлийн тоглолтоо “Утрехт” багийн эсрэг хийсэн. Энфилдийн эзэд үндсэн бүрэлдэхүүний ихэнх тоглогчдоо нөөсөн ч талбайдаа гоол хийж чадалгүй, хуурай тэнцэж, 10 оноотой хэсгээ тэргүүллээ. Хэсгийн нөгөө тулаан хавьгүй ач холбогдолтой, өрсөлдөөнтэй болсон. Италийн Наполи хотод болсон тулаанд Румыны “Стяуа Бухарест” тэнцэхэд л шилдэг 32-т үлдэх байв. Гэсэн ч ширүүн үргэлжилсэн тоглолтын төгсгөлд 90+3 минутад “Наполи”-гийн Уругвай довтлогч Эдинсон Кавани хожлын гоолыг оруулснаар Италийн баг долоон оноотой хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.
L хэсгээс шалгарах хоёр баг аль хэдийнэ тодорхой болоод байсан. Хэсгийн сүүлийн тоглолтод “Порту”, Болгарын “ЦСКА София” багийг 3:1-ээр, Туркийн “Бешикташ”, Австрийн “Рапид” багийг 2:0-ээр тус тус хожжээ.
D хэсгийг тэргүүлэгч “Вильярреал”, Бельгийн “Брюгге” багийг 2:1-ээр хожин нэгээр гарсан бол Грекийн “ПАОК”, Хорватын “Динамо Загреб” багийг 1:0 харьцаатай хожиж, 11 оноотой хэсгийн хоёроор дараагийн шатанд шалгарчээ.
Е хэсгээс Украйны “Динамо”, Молдавын “Шериф” багтай гоолгүй тэнцсэн ч 11 оноотой тэргүүлж, Беларусийн “БАТЭ”, Нидерландын “АЗ Алкмаар” багт 3:0-ээр хожигдсон ч 10 оноотой удааллаа.
F хэсгийн сүүлийн тоглолтод ОХУ-ын “ЦСКА”, Чехийн “Спарта” багтай 1:1-ээр тэнцлээ. Өмнөх таван тоглолтод ялалт байгуулж, 100 хувийн амжилттай явсан Оросын армийн баг Чехийн багийн эсрэг төдийлөн анхаарал тавьсангүй. 16 оноотой “ЦСКА” хэсгээ тэргүүлж, тэдэнтэй оноо хуваасан “Спарта” есөн оноотой хэсгээсээ хоёроор шалгарлаа.
Score Studio