Ираны Чабахарт халдлага болов

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ираны Чабахарт халдлага болов

Ираны зүүн өмнөд хэсгийн Чабахар хотод бөмбөг тэсэрч, хамгийн багадаа 38 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртжээ. Имам Хоссейн Москийн гадна уг бөмбөг тэсэрсэн бөгөөд амиа золиослогч этгээд Шиагийн залбирлын үеэр мөргөлчдөд халдахаар зэхсэн байж болзошгүй гэж холбогдох албаныхан таамаглаж байна. Гэхдээ одоогийн байдлаар хэн, ямар зорилгоор халдлагыг үйлдсэн нь тодорхойгүй байна.

Нас барагсдын дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Халдлагыг хоёр этгээд үйлдсэн бөгөөд нэгийг нь баривчлаад байна гэж Чабахар хотын Аюулгүйн зөвлөлийн дарга Али Батэни хэлжээ. Тус мужид Балуч ястан ард иргэдийн соёл, сүсэг бишрэлийн төлөө тэмцэх зорилгоор Жундула нэртэй зэвсэгт бүлэглэл байгуулагдсан. Энэхүү бүлгийг лхагва гаригийн халдлагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

 Долоодугаар сард Захеданд зэвсэгт халдлага болж, 27 хүн амиа алдсан бөгөөд Жундула нь энэхүү халдлагыг тус бүлгийн удирдагч Абдолмалек Ригиг зургаадугаар сард цаазаар авахуулсны хариу болгон үйлдсэн гэжээ. Түүнчлэн 2009 оны аравдугаар сард 31 хүн алагдсан халдлагын ард Жундула бүлэглэл байсныг тус бүлэг хүлээн зөвшөөрсөн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж