Монгол зураг ”Эрмитаж”-ийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Монгол зураг ”Эрмитаж”-ийг зорилоо


Д.Бадам: “Эрмитаж”-д монголоос Ц.Бүдбазар гуайн “Хэрлэн” гэж бүтээл байдаг тухай сонссон.  Өөр байдаг үгүйг нь би сайн мэдэхгүй юм.


“Мадам” Бадам. Энэ нэрийг сонссон урлаг сонирхогч хэн бүрийн толгойд монгол зураг санаанд орно. Үнэхээр  Д.Бадам зураачийн бүтээл энэ төрөлдөө хамгийн шилдэг нь гэхэд хилсдэхгүй л болов уу. Монголын дүрслэх урлаг, тэр дундаа үндэсний өв уламжлал, монгол хүний  амьдрал ахуй, хэв маягийг маш нарийн дүрсэлдэг хүнд төрлүүдийн нэг болох монгол зургийг түүнээс илүү урлах хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Түүний өвөрмөц уран сайхны ертөнцийн дуу болсон зургууд нь эдүгээ Парисын Флак, Оросын Курганы музей, Голландын олон галерей гээд дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо ёс заншлыг сурталчилж буй… Саяхан зөвхөн урлагийн төдийгүй, Монголын түүхэнд тэмдэглэх нэгэн гайхамшигтай үйл явдал тохиолдсон нь зураач Д.Бадамын “Цагаан суваргын зун”  бүтээл дэлхийн хамгийн алдартай гурван музейн нэг болох ОХУ-ын Санкт Петербург хотод байрлах “Эрмитаж”-д тавигдах болсон явдал юм. Энэ гайхалтай мэдээг сонсоод хатагтай Д.Бадамын урланд зочиллоо.

-Юуны өмнө өөрийн бүтээлээр дэлхийн шил­дэг музейг чимэх болсонд баяр хүргэе. Энэ тийм ч олон хүнд тохиолдохгүй боломж шүү?

-Баярлалаа. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д одоо чухал том айлчлал хийж байна. Энэ айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд олон зураачийн сайн бүтээлээс сонгож, миний “Цагаан суваргын зун”-ыг “Эрмитаж”-д бэлэглэхээр бол­сон юм. Жил бүрийн намар Урчуудын эвлэлийн хорооноос мэргэжлийн уран бүтээлчдийн жинхэнэ чансааг сорьсон үзэсгэлэн зохион байгуулдаг. Үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчид, урчуудын эвлэлийн гишүүн зураачдын хамгийн шилдэг гэсэн бүтээлүүд та­вигд­даг юм. Тэндээс ми­ний зураг шилдэг зургийн өргөмжлөл хүртсэн байгаа. Энэ шагнал нь миний зураач болсон цагаас хойш авсан хамгийн том шагнал байсан юм шиг л санагдлаа. Өөрийн уран бүтээлээрээ ийм нэр хүндтэй шагнал авна гэдэг нь зураач хүний хувьд маш үнэтэй зүйл шүү дээ.

-“Цагaaн суваргын зун” бүтээлийнхээ түүхээс сонир­хуулаач?

-Өнгөрсөн зун бид Өмнөговь аймаг руу явсан юм. Тэндээс төрсөн сэтгэгдлээрээ
“Цагаан суваргын зун” бүтээлээ хий­сэн. Үзсэн харсан зүйлс, цуг­луулсан материалаа бүтээл бол­госон гэх үү дээ. Сая нэлээн хэдэн зураачийн бүтээлийг Засгийн газрын ордонд аваа­чиж, коммиссын сонгон шал­гаруулалтаар оруулахад миний бүтээл шалгарсан юм байна. “Эрмитаж”-д, тэр том музейд монгол зураг тавигдах болж байгаа нь бахархмаар хэрэг. Ганцхан миний зу­раг гэх биш, Монголын үндэсний урлаг гэдэг утгаараа гайхалтай санагдаж байгаа. Ямар ч улс, үндэстэн өөрийн гэсэн онцлогийг харуулсан урлагтай. Монгол зураг бол яг л Монгол нутгаас гарч ирсэн урлаг шүү дээ. Репиний академи, Хятадын урлагаас огт хамааралгүйгээр хөгжиж ирсэн. Тэгэхээр энэ бол яах аргагүй маш хүчтэй төрөл юм. Жишээлбэл, хуучнаар Ленинград хотын Репиний академи төгссөн зураачдын бүтээл байсан бол дэлхий даяар л академикүүд байна л даа. Ялгарахгүй шүү дээ, тээ… Өөрийн гэсэн өвөрмөц онцлогоороо ямар ч ард түмнээс илт ялгарах нь монгол зураг юм. Хуучин чинь монгол зургийг тоодоггүй байлаа. Гадаадад том сургууль төгссөн, тэр хүний зураг, Хятадад тийм сургууль төгссөн тэрний агуу бүтээл гээд л. Хэдийгээр энэ том урлагууд Монголын дүрслэх урлагийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж, хөгжүүлсэн ч гэсэн одоо бол яах аргагүй монгол зургийн бүтээл, үндэсний урлагт арай өөрөөр ханддаг болсон нь мэдэгдэж байна.

-“Эрмитаж”-д Монгол зу­раа­чийн бүтээл байдаг гэсэн байх аа?

-Ц.Бүдбазар гуайн зураг байдаг гэж сонссон. “Хэрлэн” гэдэг нэртэй. Их олон жилийн өмнө тавигдаж байсан гэсэн. Бараг 50, 60-аад онд юм уу даа.

-Та тэгэхээр энэ том музейд бүтээлээ тавьж байгаа Монголын хоёр дахь зураач болж байна аа даа?

-/инээв/ Өөр байдаг үгүйг нь би сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан өөр монгол зураачийн бүтээл байдаг гэж сонсогддоггүй шүү.

-Монгол зургаар дагнасан уран бүтээлч манайд хэр олон байдаг вэ?

-Юу л даа. Социализмын үед чинь монгол зургийг урлаг биш ээ гэдэг байсан байхгүй юу. Гадаадын том, том урлагийн сургуулийг дүүргэж ирсэн академикүүд дөнгөж хүч түрэн орж ирж байх үед л дээ. Европ “школ”-ын уран зураг Монголд нэвтэрч эхэлснээс арваадхан хүн л бурхан хуулж зурдаг байлаа. Ихэвчлэн бэлэг дурсгалын зориулалтаар хуулбар зурдаг. Тэднээс ганц хоёрхон хүн л хааяа нэг бүтээл тавьдаг байсаны нэг нь би байсан. Даваахүү, Сэнгэцохио, Ядам­хүү гээд ерөнхийдөө монгол зургийн урлаг тасарч эхэлж байхад би залгамж халаа болж орж ирсэн. Баатар, Алтанцэцэг хоёр маань ч яваад өглөө. Одоо харин Нурмаажав гэх мэт залуу сайн уран бүтээлчид олон болж байна. Хэдийгээр монгол зургийг олон залуучууд зурдаг болж байгаа ч практик амьдралын туршлага, үз­сэн харсан зүйлс нь бага зэрэг дутмаг санагддаг юм. Угсаатны зүй, нүүдэлчдийн соёлыг мэдэхгүй суурин амьдралаар өссөн болохоор ч тэр үү. Мэдээж сайн бүтээлчид байлгүй яахав. Монгол зураг гэдэг чинь уламжлал шүү дээ. Монгол хүн яаж амьдарч байна, эмээлээ яаж тохдог вэ? Эмээл гэж юу юм, хазаар гэж юу юм. Энэ бүгд маш нарийн угсаатны зүйн соёл шүү дээ. Иймэрхүү зүйлээс орчин үеийн залуучууд маань хол. Практик дээр тэдний зарим нь хөдөө гадаа явж үзээгүй байдаг ч юм уу. Тэдний ур чадвар сайн уу гэвэл сайн. Ур ухаан, нарийн ажиллагаа мундаг ч ахуйгаа мэдэх тал дээрээ жаахан тийм байх шиг. Илүү практиктай хүмүүс нь яах аргагүй арай өөр зураад байх шиг байгаа юм. /инээв/ Гэхдээ хотын төвлөрсөн амьдрал ч гэсэн Монголын түүх. Энийг ч гэсэн уран бүтээлдээ одоо дүрслээд үлдээвэл ирээ­дүйд мөн л Монголын одоо үеийн түүх бичигдээд үлдэнэ л гэсэн үг. Тийм биз дээ?

-Тэгэлгүй яахав. Мон­гол зураг ард түм­ний аж амьд­ралыг ха­руулд­гаараа онцлог. Мэр­гэж­лийн хүний хувьд та Монгол зургийг яаж тайлбарлах вэ?

-Монгол зургийн нэг онцлог нь гэвэл бүх элементийг маш нарийн гаргаж өгөх шаард­лагатай. Уран зурагт бол заримыг нь манаруулаад ч юм уу, гоёоор дүрсэлж болдог бол монгол зургийн бүх хэсгийг детальчилан оруулах ёстой байдаг. Юуг ч үлдээж болохгүй. Үүгээрээ онцлог. Бас хаана ч байдаггүй урлаг. Энийг монгол хүн л зурна гэхээс гадаад хүн чадахгүй. Монгол хүн л монгол зургийн бүтээлийг хийдэг болохоор дэлхийн хаана ч очсон өөрийн гэсэн имижтэй, өөрийн гэсэн дүр төрхтэй байдгаараа давтагдашгүй байж чадна. Би гадаад орнуудад, Голланд, Германд ч юм уу байхад манай найзууд хэлдэг л дээ. Өөрөө урлагийн том сургууль төгссөн мундаг зураач бүсгүй бий. Тэр “Дэлхийн хаана ч энэ урлаг байхгүй. Зөвхөн Монголд л байна. Харин ганцхан чи л энэ зургийг зурдаг” гэж хэлдэг. Би хийсвэр урлагт дуртай л даа. Тэр чинь ямар гоё гээч. Дүүрэн эмоци. Тэгээд л тийм төрлөөр зурах гэхээр надад хэлдэг юм. “Чи хэзээ ч тийм төрлөөр зурж болохгүй. Монгол зураг бол чиний өөрийн чинь дүр төрх. Энэ л чиний урлаг. Энийгээ л сайн хөгжүүл” гэдэг. Манайхан намайг “Гадаад орнуудад зөндөө аялдаг байж өөр төрлөөр зурвал яасан юм” гэж хэлж байсан. Харин би гадаадад аялж, дэлхийн агуу урлагийг үзэж харах тусмаа үндэсний үзэл маань улам оргилж, заавал монгол зургаараа л ажиллана гэсэн бодол төрдөг юм. Хэрэв би шинэ юм хийхээр өөр төрөл рүү орсон бол Монгол зургийн Бадам биш, хэн ч биш, зүгээр л Бадам болчихыг үгүйсгэхгүй.

-Тэгвэл дэлхийн хэм­жээнд монгол зураг хэр үнэлэгддэг вэ? Жишээ нь, ЮНЕСКО-гийн соё­лын өвд бүртгүүлсэн байдаг уу?

-Тийм зүйл байхгүй ээ. Одоо харин “Эрмитаж”-д тавигдаж байна гэдэг чинь монгол зураг гэж ийм урлаг байдаг гэдгийг харуулж, соёлын өв талаасаа жаахан ч гэсэн нэмэр болж байгаа гэсэн үг юм. Би Франц, Голланд, Солонгос гээд олон га­зар үзэсгэлэнгээ гаргаж бай­сан. Өөрийнхөө хэмжээнд мон­гол зургийн урлагийг дэл­хийд сурталчилж байгаа гэх үү дээ. Хэдийгээр дэлхий даяар мэдэхгүй ч гэсэн тодорхой хувь нь мэдэж авч л байгаа гэсэн үг.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Яг одоогоор бол “Нар хурайл­сан наадам” гэдэг бүтээл намайг хөглөж байна. Энэ зургийг би өмнө нь нэг удаа зурж байсан юм. Урлаг сонирхогч Франц хүн худалдаж авсан. Тэдний гэрт нэг найз нь зочлохдоо миний бүтээлийг хараад, үнэхээр их биширсэн гэж хэлсэн. Тэгээд надад дахин зурж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Гэхдээ яг хуулж зурна гэдэг утгагүй л дээ. Энд нэг морь байна, яг энд нь зурна гэж хүний бүтээл хуулж байгаа юм шиг биш зохиомж нь ижил ч өөрөөр зурж байгаа. Бүтээл маань наадмын уур амьсгал, монголчуудын соёлыг харуулж байгаа юм.

-Ингэхэд Монгол зургийн үнэлгээ гадаадад ямар байдаг вэ?

-Яг ийм үнэлгээтэй байдаг гэх зүйл байхгүй. Жишээлбэл, тийм хэмжээтэй, тийм нэртэй мастерын зурсан уран зураг бол ойролцоогоор ийм үнэтэй байна гэсэн ерөнхий үнэлгээ байдаг байхгүй юу. Гэтэл гадаадад монгол зургийг ямар ч хүн мэдэхгүй шүү дээ. Ямар үнээр зурдаг вэ? Үнэтэй авчихаж болдог ч юм уу, эсвэл хэт хямд байна уу гэдэг тал дээр гадаадууд гайхчихдаг юм. Би ч чадлынхаа хэрээр л үнэлээд байгаа. Хамгийн гол нь учиргүй үнэрхээд байж болохгүй. Яагаад гэвэл монгол зургийг дэлхийд сурталчлах ёстой шүү дээ. Аль болох олон хүнд харуулж, ойлгуулж, дурлуулах хэрэгтэй. Ямар сайндаа л одоо зурж байгаа энэ зураг маань гэхэд гадаадад улсаа сурталчлаад л явж байна шүү дээ. Хүн захиалж л авч байвал сайн юм даа.

Агуу “Эрмитаж”-д талын Мон­голын “Цагаан суваргын зун”-ыг ну­тагшуулах гэж бай­­г­аа “Монгол зургийн” Д.Ба­­дам хэмээх эрхэмсэг ха­таг­­­тайтай ийн хөөрөлдлөө. Бид­­нийг ярилцаж дуусах үед хө­рөг зургийн мастер Б.Насан­цэнгэл түүний урланд зочилж ирэв. “Эрмитаж”-д бүтээл нь та­виг­дах болсонд найз­даа баяр хүргэхээр хө­рөг зур­гийн мастер монгол зургийн мастерынд иржээ. “Монгол зу­раг “Эрмитаж”-ыг зорино гэдэг Монголын бүх зураачид төдийгүй, Монгол түмний баяр” гэсэн дулаан үгээр зураач Б.Насанцэнгэлд найз­даа урам өгнө лээ. Үнэ­хээр тийм байлгүй яахав. Мон­гол зургийн ур хийц, монгол зураачийн сод авьяас дэлхийн тийм том урланд зал­рах нь бахархал байхаас яах билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж