2005 оноос хойш их өрийг мартагнах тийш болж байтал ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Халх голын ялалтын 70 жилийн ойд оролцохоор ирэхдээ их өрийн үлдэгдэл болох Монголросцветметтэй холбоотой 180 сая ам.долларыг нэхэж манай дарга нарыг шоконд оруулсан. Тэр асуудал сая Ерөнхий сайдын айлчлалын үеэр сөхөгдөж, социализмын үеийн шилжих рублийн их өрийн сүүлийг мушгих үүрэг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд С.Батболдын нуруун дээр буулаа. Яасан ч дуусдаггүй өр вэ. Ямар ч худалч дарга нар байсан юм, 2003 онд.
Манай тусгай сурвалжлагч М.Түмэннастын дамжуулсан мэдээнд дурдсанаар бол ОХУ-ын Засгийн газрын дэд тэргүүн, Сангийн сайд Алексей Кудрин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хэлэлцээрийн дүнгээр хоёр улсын хоорондын өрийн бүх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр шийдсэн” гээд “Монгол Улс ОХУ-д 172 сая ам.долларын өртэй байсан бөгөөд 2003 онд 97,8 хувийг шийдсэн. Одоо өрөөс үлдсэн 3,8 сая ам. долларыг нэг удаа төлөх тохиролцоонд хүрлээ” гэжээ. Сангийн сайд цааш нь “Бид удахгүй шинээр зээл олгох тухай хэлэлцээрийг хийж эхлэнэ” хэмээжээ. Эндээс харвал 2004 оны эхээр энд тэндээс зээл авч барагдуулсан гээд байсан их өрийн хоёр хувь цайраагүй байсан хэрэг үү гэж хардахаар байдал үүсээд байгаа биз.
РИА Новости агентлагийн дамжуулснаас үзвэл Оросын талд төлөх ёстой байсан социализмын үеийн Монголын шилжих рублийн их өрийн үлдэгдлийг зохицуулах талаар сая тохиролцож чаджээ. Тус агентлагийн мэдээлснээр “ОХУ-д төлөх Монголын их өрийн үлдэгдлийн хэмжээ 180 сая ам.доллар бөгөөд Зөвлөлт холбоот улсын үед “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрт өгсөн зээлийн үлдэгдлээс үүдэн гарч ирсэн юм” гэжээ. Мөн ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин “Монголд ногдох их өрийн 97,8 хувийг ОХУ шууд тэглэсэн бөгөөд түүнээс үлдсэн 3,8 сая ам.долларыг нэг удаа шилжүүлэх гэрээ хийлээ” гэсэн байна. Эндээс харвал Монголросцветметийн 180 сая ам.доллар 2003 онд тэглэсэн гээд байсан ерөнхий их өрийн үлдэгдэл 2,3 хувьд багтаж байсан ч юм шиг. Тэгэхээр 2003 оны шинэ жилээр бид юун их өр тэглэсэн баяр тэмдэглэчихсэн хэрэг вэ гэдэг ойлгомжгүй боллоо.
Шатрын “хөлөг” дээрх дараагийн нүүдэл уран байв. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Орос-Монголын хамтарсан уран олборлох “Дорнод уран” үйлдвэр байгуулах хэлэлцээрт хоёр орны Засгийн газрын тэргүүн гарын үсэг зуржээ. РИА Новости агентлаг болон News.ru сайтад мэдээлснээр бол талууд Монгол Улсын Дорнод аймаг дахь Дорнод, Гурванбулаг гэсэн хоёр ордыг эзэмших хувь хэмжээг тохирсон байна. Монгол, Оросын талууд тус бүр 21 хувийг эзэмших бөгөөд хяналтын багц буюу 58 хувь нь Монголын стратегийн ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарласан хууль гарахаас өмнө лиценз авсан Канадын “Хан Ресоурс” компанид ногдох ажээ. Орос-Монголын хамтарсан үйлдвэрийн олзворлох нийт ураныг экспортод гаргах боловч ОХУ руу гаргахгүй гэнэ.
Айлчлалын үеэр аль тэртээх 1949 оны гэрээнээс хойш амь ороогүй байсан Орос-Монголын хувь нийлүүлсэн УБТЗ-ын асуудал сөхөгджээ. АНУ-ын Мянганы хөгжлийн корпорациас буцалтгүй хөрөнгө оруулах гэж байхад нь “муухай” загнан буцаасан Оросын тал төмөр замын дүрмийн санг тэнцүү хэмжээгээр хуваарилж, эхний ээлжинд дүрмийн сандаа 125 сая ам.доллар оруулах манай саналыг хүлээн авчээ. Энэ нь тус газрыг нэлээд хэмжээгээр шинэчлэх боломж олгож, Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох аж. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет зэрэг хамтарсан үйлвэрүүдийг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр шинэчилж, Монголын мал эмнэлгийг хөгжүүлэх ажилд тусалж мах, махан бүтээгдэхүүн авах талаар ч ярилцжээ. Уг нь Оросын мал эмнэлэг дэлхийд тэргүүлэх хэмжээнд ордог, тэдний гавьяагаар малын халдварт өвчнийг нэг хэсэг мартчихаад байсныг бодвол сайн хэрэг. Лав л малын орос эмч нар шүлхийрсэн малыг буудаж булж, зээр намнаж яваагүй, вакцинаар нам дардаг байсан юм гэсэн. Тавантолгойн нүүрсний ордод хамтран ажиллах сонирхлоо Оросын тал дараагийн “өрөг” дээр тавьж, тендэрт хүчтэй өрсөлдөх багийн нэг болж мэдэхээр болов.
Олон жилийн турш маргаантай байж, оршин суугчид нь байсхийгээд л жагсаал цуглаан хийхдээ тулдаг Оросын мэдлийн хэдэн байрны асуудал цэгцэрчээ. Улаанбаатар, Дархан хотод байгаа орон сууцны найман байрыг Оросоос Монголд үнэ төлбөргүй шилжүүлэн хүлээж авах баримт бичгүүдийг Москвад хийсэн хэлэлцээрийн үеэр хөндөж, шийдвэрлэж чадсан байна. Ингэснээр сууцаа худалдаж авснаас өөрцгүй мөнгө төлсөн хэдий ч дундаж орон сууцнаас хэтэрсэн хэмжээний хөлс төлөн айлын мэдлийн байранд толгой хоргодож явсан суугчид одоо бусдын адил сэтгэл тэнүүн аж төрөх эрхтэй боллоо.
Ингэж Монгол Оросын харилцаанд байсан тодорхойгүй асуудлуудад энэ айлчлал ямар нэг хэмжээгээр цэг тавьж, цаашид олон зүйл яаж хөгжих нь тодорхой боллоо гэдгийг хоёр талын аль аль нь онцлон тэмдэглээд байна. Ямар боловч Ерөнхий сайд С.Батболд хойд хөршийн Засгийн газрын тэргүүний бэлтгэсэн өрөг дээр гайгүй нүүдэл хийж чадсан бололтой.