Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Цэргийн болон эмчийн давхар тангараг өргөсөн эмч нар алс холын Африк тив дэх Судан улсад очиж, цэргийн хээрийн II дох шатлалын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Нийт 68 хүний бүрэлдэхүүнтэй тус багийнхан энэ сарын 17-нд тус улсыг зорих юм. Тус улсыг зорих цэргийн эмч нар жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Офицерүүдийн ордонд боллоо. Уг ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р. Виват, цэргийн үүрэг гүйцэтгэгчид болон тэдний ар гэрийнхэн оролцов. Ёслолын арга хэмжээний дараа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Цэргийн хээрийн багийн ахлагч, дэд хурандаа Т. Сүхбаатар болон цэргийн ар гэрийн үүрэг үг хэллээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав
Цэргийн эмч нар анх удаа эмнэлгийн баг болон гадаад улс оронд үүрэг гүйцэтгэхээр мордож байгаа нь Зэвсэгт хүчний түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болж байна. Энэ удаагийн цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэгийн баг нь Судан Улсын Эль Шафер хотоос баруун хойш Кабкабия дахь НҮБ-ын баазад байрлаж үүрэг гүйцэтгэх юм. Дэд хурандаа Т. Сүхбаатар ахлуулсан тус багт зэвсэгт хүчний 14 анги, байгууллагын эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэг эмч багтаж байна. Тэд цэргийн болон цагдаагийн албан хаагч , ажиглагч, штабын ажилтнууд, НҮБ-ын сайн дурын ажилтнууд, мөн хариуцлагын бүст оршин суугаа энгийн ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээнэ. Мөн 1500-2000 өвчтөнд долоо хоногийн эмнэлгийн нөөцтэйгээр бие дааж  хоёрдугаар шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, өдөрт дөрвөн хүнд мэс засал хийх бэлтгэлтэй ажиллах юм. Түүнчлэн яаралтай тохиолдолд автомашин болон нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үзүүлнэ. Нийт эмч нарын 40 гаруй хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай. Хүний нутагт өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ сайн биелүүлээд эсэн мэнд ирээрэй гэж хүсэн ерөөе.

Цэргийн хээрийн багийн ахлагч, дэд хурандаа Т. Сүхбаатар
Бид Судан улсад үүрэг гүйцэтгэхээр өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ажиллгааны бэлтгэлээ эхэлсэн. Судан улсын хувьд цагийн байдал тогтворгүй байгаа. Бидний очих газрын хувьд зэвсэгт мөргөлдөөн, бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл өрнөсөн дэлхийн халуун цэгийн нэг гэж үздэг. Нийт бүрэлдэхүүний 50 гаруй хувь нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд. Бусад нь хамгаалалтын болон цэргийн үүрэг гүйцэтгэгч нар байна-

Зэвсэгт хүчний төв Госпиталын эмчилгээ асаргаа сувилгааны албаны арга зүйч Б.Ундрам
Манай эмнэлгээс эмч сувилагч нийлсэн нийт 38 хүн явж байна. Тэд тусын үүргийн дагуу хүлээн авах, яаралтай тусламжийн, мэс засал, гэмтлийн, шүдний, эмийн сан, эмнэлгийн татан гаралтын бүлэг, хангалт үйлчилгээний гэсэн тасгуудтай ажиллах юм. Госпиталын эмч нараас сонгогдож бэлтгэгдсэн хүмүүс байгаа. Хүний нутагт очоод эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлээд ирээрэй гэж хүсье.

Ёслолын арга хэмжээний төгсгөлд алс нутгийг зорих цэргийн үүрэг гүйцэтгэгч нарт зориулан Гандантэгчилэн хийдийн лам нар “Аян замын ерөөл” уншиж өгөв. Лам нарыг ном унших үед үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийнхэн  хүүгээ, охиноо, ханиа, дүүгээ аян замдаа сайн яваад ирээрэй гэх шиг дор бүрнээ алга хавсран залбирч суусан юм.

П.Наран

Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж