Сонгинохайрхан дүүргийн ахмадын хорооны дарга н.Сандуйжав:
-Би 42 жил би хувьсгалт намын гишүүн байж тодорхой албан тушаалыг хашиж явсан. Гэхдээ өнөөдөр бид хийж бүтээж байгаа зүйлийнхээ төлөө улстөржмөөргүй байна. Хийсэн нэгнээ дэмжиж урам өгч байх ёстой гэж би боддог. Тэр утгаараа Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Ардчилсан намынхаа хоёр гишүүнийхээ хийсэн ажилд сэтгэл хангалуун байдаг. Юм хийгээд байдаг болохоор араас нь тавих хүсэлт бас их байдаг юм байна. Бид ирэх жил дүүрэгтээ гурван үеийн чуулга уулзалт болон ахмадын урлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хоёр асуудал дээр эрхэм гишүүд дэмжиж тусалбал их сайн байна. Түүнчлэн дүүрэгт ахмадын сувилал байгуулагдана хэмээн 500 сая төгрөг хуваарилагдсан ч одоо хэр нь таг чиг. Энэ асуудал яагаад өдий хүртэл таг болов. Хэдийд шийдвэрлэгдэх талаар анхаарал тавьж, тусалж өгөөч. Мөн ахмадуудын тэтгэврийн зөрүү арилсан гэж байгаа боловч огт арилаагүй энэ асуудал хэрэгжээгүй байна. 70-аас дээш настай өвгөд хөгшдийн 1,5 сая төгрөгийг бэлнээр өгч болохгүй юу, эсвэл өнөөдөр бүх ахмадууд 5-10 сарын тэтгэврийн зээлтэй амьдарч байна. Банкин дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг хаах замаар асуудлыг нь шийдэж өгөхийг маш олон ахмадууд уламжилсан. Манай Сонгинохайрхан дүүрэг Засаг даргынхаа маргаанаас болоод өдийг хүртэл ИТХ нь хуралдаагүй, төсвөө баталж чадаагүйгээс дүүрэг дээр хийх ажлууд хоцорч байна. Дүүргийн төсөв батлагдахад ахмадын хороодын дарга нарын урамшууллыг нэмэх тал дээр бодолцож үзээч гэдэг хүсэлтийг тавих гэсэн юм гэв.
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны ахмадын дарга н.Цэрэн
Ахмадууд Хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаагаа надаар дамжуулан уламжилсан. Хэрэлдэж нам намаараа талцаж байхаар нэгдээд нийлээд юм хийгээд байгааг чинь харахаар сайхан байдаг. Цаашид ч эв найртай байж улс орноо хөгжүүлэхэд ихийг хийгээсэй гэж хүсч байна. Би Говь-Алтай аймагт намын хорооны даргаар 15 жил ажилласан. Энэ туршлагаас харж байхад төрийн тогтолцоог өөрчлөх асуудал дээр анхаарахгүй бол яамдууд ажил хийхгүй байна. Зохион байгуулалтын тал дээр сулхан байна” гэсэн юм. . Харин 22 дугаар хорооны ахмадын дарга “Малын түүхий эд хятадын хилээр маш их гарч байна. Өнөөдөр бид ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Тэгвэл малын түүхий эд боловсруулдаг хөнгөн үйлдвэр, жижиг цехүүдийг олноор байгуулж дотооддоо бүтээгдэхүүнээ боловсруулж үйлдвэрлэдэг байвал илүү үр өгөөжтэй.
10-р хорооны ахмадын дарга н.Өлзийтогтох “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төсвийн хуваарилалт эрх мэдлийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай байна. Төсвийн мөнгө дээрээ зарцуулагдаад доод шатандаа эрх мэдэл болон хөрөнгө мөнгө дутагдсанаас ажил хийх боломж нөхцөл тааруу байна. Хуулинд өөрчлөлт хийхгүй бол энэ байдал засрахгүй” гэлээ.
Ямартай ч эрхэм хоёр гишүүний хувьд тэдний ирэх жил хоёр арга хэмжээг ивээн тэтгэж дэмжиж туслахаа амласнаар барахгүй ахмадуудын сувилалын талаар хүн гаргаж хөөцөлдүүлж байгаа.Партизаны сангийн аж ахуй руу зам тавихаар улсын төсөвт хөрөнгө суулгасан. Түүнчлэн ирэх жил дүүрэгтээ томоохон спорт цогцолбор болон 7-8 сая долларын өртөг бүхий нэгдсэн эмнэлгийг барьж эхлүүлэхээр болсоныг ахмадуудад дуулгав. Эрхэм гишүүд энэ мэт ажлынхаа хажуугаар дүүргийнхээ иргэдэд нүүрсийг хямд өртөгөөр хүргэх зорилгоор 50 кг-ийн шуудайтай Багануурын нүүрсийг холбогдох хүмүүстэй ярьж гэрээ хийсний үндсэн дээр нэг бүрийг нь 2500 төгрөгөөр хүргэж байгааг нь зарим ахмадууд дэмжиж байгаа ч зарим нэгнийх нь хувьд энэ мэт жижиг асуудал руу орж доошоо орох хэрэггүй. Харин цахилгаанаар халдаг халаагуур авч өгөөд цахилгааны үнийн хөнгөлөлтөн дээр анхаарах нь үр дүнтэй гэх саналыг хэлэх хүмүүс ч байлаа. Дүүргээсээ сонгогдсон хоёр гишүүнд санаа оноогоо хэлж бас ч үгүй төрийн бодлогод дуу хоолойгоо өргөсөн ахмадууд төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж зургаа татуулсанаар хорооныхоо найзуудад тайлангаа тавихаар яаран гарцгаалаа.