Японы компаниудын итгэл сүүлийн хоёр жилийн дотор анх удаагаа буурсан байна. Иенийн ханш чангарч, экспорт буурч байгаа нь бизнес эрхлэгчдийн итгэлийг бууруулсан гэжээ. Энэ судалгаа тус улсын эдийн засгийг хэр эрүүл байгааг илтгэх барометр бөгөөд мөнгөний бодлогыг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Сүүлийн зургаан улирлын турш байнга өсөлттэй байсан энэ индекс буурсан нь цаашдын нөхцөл байдал таагүй байгаа гэдгийг харуулж байна. Судалгаанд 12 мянган компанийг хамруулсан юм.
Япон улс экспорт дээр тулгуурласан эдийн засагтай. Автомашин болон электрон бараа экспортын гол бүтээгдэхүүн ч иенийн ханш өндөр буйгаас болж олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварт нь муугаар нөлөөлж байгаа. Япон улс нь дэлхийн гурав дахь том эдийн засаг билээ. Ажилгүйдлийн төвшин таван хувиас давж, эдийн засаг сульдаж буйгаас болж Засгийн газар саяхан жижиг бизнес болон орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор 61 тэрбум ам.долларын хөтөлбөр баталсан юм.
Э.Очирт