Хятад, Энэтхэг улсууд итгэлцэл бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Хятад, Энэтхэг улсууд итгэлцэл бүтээж байна

БНХАУ-ын Ерөнхий сайд Вень Жиабао лхагва гаригт Энэтхэгийн Нью Дэли хотноо хүрэлцэн ирсэн байна. Эдийн засгийн хөгжлийн хурдаараа Азид хоёрдугаарт орж буй тус улсад хийж буй түүний айлчлал гурав хоног үргэлжлэх юм. Дэлхийн том гүрнүүдийн төрийн тэргүүд Энэтхэгт хүрэлцэн ирсэн ч Вень Жиабаогийнх хамгийн их ач холбогдолтой нь болж байгаа тухай шинжээчид хэлж байна.

“Хятад, Энэтхэгийн харилцааны талаар хурцадмал асуудлууд шинээр гарч байгаа үед Вень Жиабао айлчилж байгаа юм. Энэ хоёр улс дэлхийн хүн амын 40 хувийг бүрдүүлдэг болохоор дэлхийн эдийн засагт хоёр орны харилцаа маш чухал” гэж Бодлого судалгааны төвийн профессор Брахма Челланей хэлжээ.

Азийн хоёр аврага одоо дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хоёр эдийн засгийн бүс билээ. Хоёр улсын цэргийн тоо нийтдээ дөрвөн сая давна. Энэтхэгийн эдийн засгийн цар хүрээ 2014 он гэхэд Японыг ардаа орхих төлөв харагдаж байгаа. Ингэвэл хөрш орнууд дэлхийн эдийн засгийн хоёр дахь болон гурав дахь том эдийн засаг болох юм.

“БНХАУ болон Энэтхэг улс хамтарвал зөвхөн харилцагч орнуудад төдийгүй дэлхийн хэмжээнд эерэг үр дагавартай юм” хэмээн Энэтхэг улсад сууж буй БНХАУ-ын элчин сайд Жан Янь хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.

Хоёр улсын худалдаа энэ онд 60 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо байгаа нь Хятад улс Энэтхэгийн худалдааны хамгийн том түнш болгож байгаа юм. Бээжин болон Нью Дэлигийн удирдлагууд нийтлэг ашиг сонирхол болон эдийн засгийн харилцан хамаарлыг хөгжүүлэх сонирхол өндөр байгаа. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суурин гишүүн болох хүсэлтэд БНХАУ-ын дэмжлэгийг авахад нааштай үр дагавар авчрах билээ.  Гэхдээ сүүлийн үед зарим асуудлууд хурцдаж байгаа нь хоёр улсын харилцаа хэврэг байгааг илтгэж байна. Сүүлийн 29 жилийн турш нийт 14 удаагийн уулзалт хийсэн ч газар нутгийн талаар маргаан одоо хэр шийдэгдээгүй байна. Хималайн бүс дэх 3225 километрийн хил орчмын газар нутгийн асуудал одоо ч маргаантай байгаа юм. Энэтхэг улсын 33 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутгийг Хятад эзэмшиж байгаа гэж Нью Дэли үздэг билээ. Харин Хятадын зүгээс Түвдийн өмнөд хэсгийн Аруначал Прадешийн бүсийг өөрийн мэдлийнх гэдэг.

Хоёр улсын худалдаа 2000  оноос хойш 30 дахин нэмэгдсэн ч энэ нь Хятадын талд илүү ашигтай байдаг. Хятадтай хийж буй худалдааны тэнцэл 17-18 тэрбум ам.долларын алдагдалтай байдаг билээ. Энэтхэгийн экспортын бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь түүхий эд, тэр дундаа төмрийн хүдэр байдаг бол Хятадын машин техник зэрэг нэмүү өртөг шинэсэн бүтээгдэхүүнийг Энэтхэг импортолдог юм.

“Хятадын макро эдийн засгийн бодлогууд, валютын үнэлгээ болон зарим нэг арга хэмжээ нь эдийн засгийн эрүүл бус, төвөгтэй зүйл” хэмээн Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд саяхан парламентын дээд танхимд мэдэгдсэн билээ. Түүнчлэн Энэтхэг улс Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулан Хятадын эсрэг байгаль орчин, хог хаягдлын талаар олон удаа хэрэг үүсгэн шалгуулж байсан юм.

Гэхдээ энэ мэт асуудлуудыг үл хайхран Хятадын элчин сайд даваа гаригт хоёр орныг чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахын төлөө ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хоригийг зогсоох зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн хэлжээ. Түүнчлэн Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий захирал Ражив Кумар “Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг БНХАУ эерэгээр хүлээн авч, хоёр талын харилцааг хэн хэндээ ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй байна” гэж хэлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж