Гана улс нефть олборлож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Гана улс нефть олборлож эхэлнэ

Баруун Африкийн Гана улс гурван жилийн өмнө нээсэн далайн гүн дэх Жубили орд газраас нефть олборлож эхлэх болсон байна. Урьдчилсан тооцоогоор 1,5 тэрбум баррелийн нөөцтэй энэ ордоос Их Британийн “Tullow Oil” компанийн оролцоотой консорциум өдөрт 55 мянган баррель нефть олборлож, цаашид зургаан сарын дотор үүнийг 120 мянган баррельд хүргэх төлөвлөгөөтэй буйгаа мэдэгдсэн юм. Хар тивийн хамгийн тогтвортой улсуудын нэг болох Гана улс эхний жилд газрын тосны салбараас 400 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолжээ.

Гэхдээ газрын тосны салбарын талаар баримтлах хууль, журам одоогоор парламентаар дэмжигдээгүй байгаа билээ. Нефтийн орд газар олсоны Гана улс “баялгийн хараал”-аас зайлсхийж чадах эсэх талаар шинжээчид санаа зовниж байсан юм. Өөрөөр хэлбэл шинэ баялгийг эдийн засгаа хөгжүүлэхэд ашиглах бус эмх замбараагүй байдал, хээл хахуулийг тэжээж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа. Газрын тосны орлогыг зарцуулах хууль болон салбар дахь хараат бус байдал гол асуудал болж байгаа билээ.

Ямартай ч Ерөнхийлөгч Жон Атта Миллс нээлтийн ёслолд оролцсоны дараа нефть олборлолт албан ёсоор эхлэх юм. Засгийн газрын тооцоолсноор газрын тосны ачаар одоо таван хувь буй эдийн засгийн өсөлтийг ирэх онд 12 хувь болгох юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж