С.Баяр: С.Батболд нийгмийн захиалгаар гарч ирж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

С.Баяр: С.Батболд нийгмийн захиалгаар гарч ирж байна

МАХН-ын дарга С.Баяр намынхаа бага хурлын XI хуралдаанд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ уламжлаад МАХН-ын даргад Ерөнхий сайд С.Батболдын нэрийг санал болгож буйгаа танилцуулсан юм.

Тэрбээр үе үеийн МАХН-ын дарга нар нийгмийн захиалгаар гарч ирсэн хэмээн хэллээ. С.Баяр дарга МАХН-ын бага хуралд “Өнгөрсөн намар миний Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан нь зөв байжээ гэдгийг өнөөдрийн өндөрлөгөөс хараад бодож байна. Би өнөөдрийг хүртэл МАХН-ын даргын үүргээ биелүүлсээр ирлээ. МАХН-аас хэрэгжүүлж байгаа бодлого бүр нийгмийн захиалга байдаг. МАХН-ын онц их хурлаас хойш 20 жил өнгөрч байна. Тэр үед гадаад дотоод нөхцөл байдал хүнд байсан. Тэгэхэд намынхаа удирдлагатай таарамж муутай байснаас гэх ү гадаадад хол ажиллаж байсан Г.Очирбат гуайг урьж ирүүлж ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулж байлаа. Мөн Б.Даш-Ёндон гуайг намын даргаар ажилллуулсан. МАХН 1996 онд УИХ-ын сонгуульд ялагдахад шинэ залуу үеийг намын удирдлагад гаргахаар болж Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарыг намын удирдлагад дэвшүүлсэн. Энэ бас л нийгмийн захиалга байсан.

 Өнөө үед улс орны эдийн засгийн хөгжлийг бодит найдвартай хангах, бизнесийн орчинг бүрдүүлэх, эдгээр зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн тал дээр өмнөхөөс илүү анхаарах хэрэгтэй байна. Үүнд Ерөнхий сайд С.Батболд тохирно. С.Батболд ч нийгмийн захиалгаар гарч ирж байна. Хувь хүн талаасаа ч, төрөлхийн араншингаараа ч, мэргэжлээрээ ч С.Батболд дипломатч хүн. Өнөө үед зөвшилцлийг эрхэмлэдэг түүний зан чанар ил тохирох болов уу. Гэхдээ дан нэг чанар зонхилоод байж болдоггүй хорвоо. Дипломатч чанар үгүй гэх бус за гэх чиглэл рүү хүнийг хөтлөөд байдаг. С.Батболд “yes” гэх талдаа байдаг. Гэхдээ улс төр хатуу. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстой. Дандаа “yes” биш хааяа “no” гэж хэлэх үе гарна шүү” гэлээ. Одоо С.Баяр даргын саналаар түүнийг МАХН-ын даргаас чөлөөлөх хүсэлтийн тухай тогтоолыг бага хурлын гишүүдэд танилцуулж байна.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж