Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтий, Дорнод Сүхбаатарын зарим сумдад 10-45 см хүртэл зузаан цастай байгаа бол, 20 орчим хувьд нь 5-9 см цастай байна. Харин Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Өвөрхангайн зарим сумдын нутагт цасгүй байгаа аж. 10 см-ээс зузаан цастай газрууд болон Увсын Улаангом, Ховдын Чандмань, Алтай, Булганы Бүрэгхангай, Сэлэнгэ, Гурванбулаг, Сэлэнгийн Орхон, Баруунбүрэн, Дархан-Уулын Шаазгайт, Өвөрхангайн Хужирт, Уянга, Төвийн Зуунмод, Угтаал, Баян-Өнжүүл, Дундговийн Хулд, Дорнодын Матад, Дашбалбар, Гурванзагал, Цагаан-Овоо, Халхгол, Хөлөнбуйр, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Наран, Хэнтийн Баян-Овоо сумдын нутгаар нягтарч хатуурсан цастайгаас мал өвөлжилтийн байдал нийт 15 аймгийн 88 сумдын нутагт хүндрэх нөхцөл бүрдээд байна. Энэ арав хоногт ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас дулаан байсны дээр цасны зузаан нэмэгдэж, улам нягтарч хатуурсан мөн түүнчлэн хүчтэй салхи шуургатай байснаас малын хариулга маллагаанд тааламжгүй нөлөө үзүүлсэн байна. Одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй ижил нөхцөл бүрдээд байгаа аж.
Д.Долгор