Гадаадын агентлагуудад ажиллаж байгаа цөөхөн загвар өмсөгч бий. Тэдний нэг болох Японы “IMG” агентлагийн загвар өмсөгч Л.Гэгээ Японы алдарт загвар зохион бүтээгч Ayumi Sufu-гийн хамт “Гоёл-2011” наадамд оролцохоор ирчихээд байхад нь уулзлаа.
Тэрбээр 17 настайдаа анх Өмнөд Солонгост загварын ертөнцөд хөл тавьсан аж. Тэрбээр Өмнөд Солонгос болон Сингапурт загвар өмсч байсан бөгөөд өдгөө Японд мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.
-Таныг 17-хон настайгаасаа Өмнөд Солонгост загвар өмсч эхэлсэн гэхээр сонирхолтой санагдаж байна. Анх загварын гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-Тухайн үед би Солонгост арван жилийн сургуульд сурч байсан. Манай сургууль дээр загварын дугуйланд охидыг бүртгэж авсан юм. Би кино жүжүигчин болох хүсэлтэй байсан болохоор загварын дугуйланд очоод бүртгүүлсэн. Загварын дугуйланд суралцсанаар жүжигчин болох хамгийн анхны гараа камертай харьцаж сурах гэх мэт олон зүйлийг сурах байх гэсэн үүднээс анх бүртгүүлсэн.
-Өмнөд Солонгост хэдэн жил загвар өмссөн бэ?
-Эхний хоёр жил загварын том тайзан дээр гарч, загвар өмсөөгүй. Тайзны ард жижиг ажлуудад туслалцах болон сургууль дээр багахан хэмжээний арга хэмжээнд оролцдог байлаа. Энэ хоёр жилийн хугацаанд бүхэл бүтэн загварын сургуульд суралцсан гэж болно. Дараа нь хоёр жил яг л моделийн хэмжээнд загвар өмссөн. Тэгээд Монголдоо ирж хэсэг байж байгаад Сингапур руу явсан.
-Японы “IMG” загварын агентлагт хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Хоёр жил.
-Загвар өмсөхийн юу нь сайхан бэ. Шантрах үе байсан уу?
-Айх, шантрах зүйл байлгүй яах вэ. Таргалахаас айх гэдэг ч юм уу, хэт их өөрөө өөрийгөө арчлаад байгаа юм шиг санагддаг. Хэтэрхий жижигхэн зүйлд санаа зовоод байдаг ч юм уу гэж хааяа боддог. Гоё хувцас өмсөөд, нүүрээ будаад, тайзан дээр аз жаргалтай алхах сайхан л даа. Гадаадад загварын шоуг хэн нээж, түрүүлж алхаж байна гэдэг нэр хүндийн асуудал байдаг. Загварын тайзан дээр дизайнерын нүүр царай болон шоу нээн алхах мөч л хамгийн аз жаргалтай агшин байдаг.
-Монголын загварын ертөнцийн талаар юу гэж бодож явдаг вэ. Энэ жил анх удаа Монголдоо “Гоёл” наадамд оролцох гэж байна?
-Надтай хамтран ажилладаг Японы дизайнер маань “Гоёл” наадамд оролцох хүсэлтэй байсан болохоор хамтдаа ирлээ. Монголын “Гоёл” наадам бол загварын ертөнцийн хамгийн том наадам. Монголын загварын ертөнц одоохондоо өрсөлдөөн алга гэж хэлж болно. Миний хувьд гадаадад илүү бололцоо нөхцөл нь байдаг болохоор тэнд загвар өмсдөг. Монголд бол ажлын байр ховор санагдсан. Би загвар өмсөгч болсноос хойш Монголдоо загварын тайзан дээр гарч үзээгүй. Тийм ч учраас сэтгэл маш их догдолж байна. “Гоёл” наадмыг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь миний хувьд асар том боломж, сайхан завшаан.
-Монголын загвар өмсөгчдөөс хэнийг хүндэлдэг вэ?
-Монголын загвар өмсөгчдөөс хамгийн чадварлаг нь топ модель Болормаа багш. Намайг Сингапурт загвар өмсч байхад Монгол модель гэхээр “Өө, би Болормааг мэднэ” гээд л нэрлэдэг байсан. Мөн өнгөрсөн жилийн топ модель болсон Урнаа бие бялдар, тайзны алхаа соёлоороо илүү сайн гэж боддог.
-Гоёл наадмын дараа ямар загварын шоунд оролцох гэж байна?
-Японд буцаж очоод хоёр сард Лондонгийн fashion-д оролцоно.
-Гадаадад загвар өмсөхөд монгол моделуудтай тааралддаг уу?
-Тааралдана аа. Монгол улсын нэрийг гадаадад сурталчилж байгаа цөөнгүй модель байдаг. Монголдоо загвар өмсөөгүй ч гадаадад загвар өмсдөг Номин буюу Нора, Тина гээд байдаг. Ерөнхийдөө дэлхийн загварын бизнест Ази модель ховор ч Хятад, Солонгос моделиуд түлхүү байдаг. Магадгүй хоёр жилийн дараагаас Монголын моделиуд дэлхийн хэмжээний том загварын моделиуд болохыг үгүйсгэхгүй.
-Японд загварын ертөнцийн талаар сонирхуулаач. Өрсөлдөөн ихтэй юу?
-Өрсөлдөөн ихтэй. Гэхдээ агентлаг маань миний стиль имижийг сайн мэддэг учраас ямар загвар зохион бүтээгч намайг илүү сонирхож байгаа гэдгийг илүү сайн тодорхойлдог. Тэр төрлийн шоунд түлхүү оролцуулдаг. Мэдээж, улс орон бүр өөрийн үндэсний хэв маягаа загвартаа тусгаж өгсөн байдаг. Тэр ч утгаараа Токиогийн загварын шоунд үндэсний хувцсыг авангард стильд оруулсан шоу их байдаг ч би тийм шоунд төдийлөн оролцдоггүй. Том шанаатай, европ биетэй гээд тухайн загварт нь тохирдоггүй. Үүнийг тухайн агентлаг сайн мэдэж, ямар шоунд тохиромжтой болохыг тохируулж зохицуулж байдаг.
-Сингапур, Япон хоёр улсын загварын ертөнц, чиг хандлагыг харьцуулбал?
-Сингапурт өөрийн нэрийн хуудас болсон размер, өндөр, байгууллагынхаа хаяг утас бүхий загварын ном, хийсэн бүтээлээ үзүүлээд, нэг ёсондоо өөрийгөө сурталчлах ёстой байдаг. Харин Японд дизайнер нь би ийм бие галбиртай, ийм модел хүсч байна гээд агентлагт ханддаг. Агентлаг моделийнхаа зургийг үзүүлж, тухайн дизайнерт таалагдвал номоо барьж очоод уулзалтад орно. Японд илүү нарийн гэсэн үг л дээ. Ямарваа нэг дизайнерийн загварыг үзүүлэх болбол тайзан дээр гарах хүртэл 100 хувь бүх зүйлийг хариуцаж, бүхэл бүтэн баг ажилладаг. Гадаадад загвар өмсөхөд арын албаны хангамжид санаа зовох асуудал байдаггүй нь сайхан санагддаг.
-Эцэст нь, таны ойрын төлөвлөгөөний талаар сонирхох гэсэн юм. Монголдоо ирж, загвар өмсөх үү?
-Дараа жилээс загвараа орхиод банк, санхүүгийн чиглэлээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Загвар өмсөхийн хажуугаар оройгоор бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, төгссөн. Энэ мэргэжлээрээ ажиллана даа.