“Монгол эгшиглэн” хамтлагийн бяцхан дуучид тун удахгүй “Шидэт өвөл” нэртэй дуугаар бэлэг барихаар болжээ. Тэд энэ дуугаа дүрсжүүлэх ажилдаа хэдийн орсон бөгөөд шинэ оны босгон дээр олны хүртээл болгох гэнэ. Сонирхуулахад, “Монгол эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд хэдийн сургуулийн сурагч болцгоосон. Гэсэн ч тэд эрдэм номдоо шамдан суралцахын хажуугаар шинэ уран бүтээлээ ч давхар амжуулж байгаа аж. Харин тус хамтлагийг байгуулсан С.Дэлгэрцэцэг багш одоо Сүхбаатар дүүргийн 136 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа юм. Тэрээр тус цэцэрлэгт “Монгол эгшиглэн” хамтлагийн дүү буюу “Монгол аялгуу” нэртэй шинэ хамтлаг байгуулж, ардын дуугаа өвлүүлэн дуулуулахаар зорьж байгаа гэдгээ хэлсэн юм. Шинэ хамтлаг нь нийслэл болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа гэсэн шүү.
П.Наран