Мэлогийн солилцооны эхлэл үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Мэлогийн солилцооны эхлэл үү?

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирал амжилттай үргэлжилж байна. Олон янзын амжилтууд эвдэгдэж, дуулиан шуугиан ихээр тарьсан энэ улирал сагсан бөмбөг сонирхогчдыг ганц ч өдөр уйдаагаагүй.

Харин шинэ улирал эхэлснээс хойшхи анхны томхон наймаа өнөөдөр боллоо. Энэ наймаанд “Нью-Жерси Нэтс”, “Лос Анжелес Лейкерс”, “Хьюстон Рокетс” багууд оролцжээ. Багийн дотоод журмыг зөрчсөн гэж шийтгүүлэн Хөгжлийн лигт тоглож байсан Терренс Уилльямс энэ солилцооны гол тоглогч нь байлаа. Түүнийг “Хьюстон Рокетс” баг авсан бол “Лейкерс” сэлгээний хамгаалагч Саша Вуяачичаа Нью-Жерси рүү, харин “Нэтс”-ийн довтлогч Жөү Смит Холливудыг зорьсон байна. Оронд нь “Лейкерс” тэдэнд ирэх оны драфтын эхний тойргийн эрхээ өгчээ. Ингэснээр тус багт Вуяачичийн 5.5 сая ам.долларын цалингийн цэс суларч байгаа юм.

Орос тэрбумтны баг ирэх хоёр жилийн драфтын эхний тойргийн таван сонголттой болж байна. Үүний хоёр нь өөрсдийнх нь, нэмээд “Лейкерс”-ээс 2011, “Голден Стейт”-ээс мөн л ирэх оны, харин “Хьюстон”-гоос 2012 оны эрхийг авсан юм.

Энэ солилцоо аль аль багт харилцан ашигтай болсон гэж болно. Сэлгээний өндөр тоглогч дутмаг “Лейкерс” ахмад туршлагатай Жөү Смиттэй болсон, харин “Рокетс” сэлгээнээс тэсрэлт хийх Терренс Уилльямсыг авна. Маргааш гэхэд энэ наймаа эцэслэн шийдэгдэнэ. Харин “Нэтс”-т Вуяачич сэлгээ хийх бол тэдний гол зорилго нь Кармэло Энтониг авахад оршино.

Тэд Энтонигийн төлөө хамгийн боломжийн саналыг “Денвер”-т өгөөд байгаа аж. Тэд Мэлог авахын тулд рүүки Деррик Феворс, гэрээ нь дуусч байгаа Трой Мерфи, мөн драфтын эхний тойргийн хоёр эрхийг өгөх санал тавиад байгаа юм. Харамсалтай нь Мэло “Биг Аппл”-т очихыг хүсч байгаа.

Гэхдээ Денверийн удирдлагууд ашгаа бодоод багаа орхихыг хүсч байгаа лидер тоглогчоо Орос тэрбумтны мэдэлд шилжүүлж магадгүй юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж