Ану хатан
Зохиолч: Б.Шүүдэрцэцэг
Зуун зууны турш исгэрэн үлээсэн монгол нутгийн хөх салхинд Зуун модны шаргал элс бидэртэн, их ойгоосоо тасран ургасан хэдхэн шинэс модод намуухан шуугих нь харийн дайсантай амь үл хайрлан тулалдахын бэлгэдэл арван хоёр салаа эвэрт бугын баг мориндоо зүүн манжийн цэрэгтэй байлдаж яваад энд насан эцэслэсэн Ану хатны домгийг хүүрнэх мэт…Эдүгээгээс гурван зуун арван дөрвөн жилийн өмнө, арван хоёрдугаар жарны баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын тооллоор 1696 онд Тэрэлжийн Зуун модонд Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн, хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч монгол бүсгүй Ану хатны домог оршвой.
Ногоон нүдэн лам
Зохиолч: Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт
Зохиолч энэхүү номоо монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичсэн энэхүү ном хэвлэгдэн гарсан цагаасаа эхлээд жил бүр шалгарч байна. Үнэн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн. Grand book 2008, 2009 оны шилдэг номоор шалгарч байсан. 2009 оны Азийн Уран зохиолын Мэн шагналын хагас шигшээ 24 номын нэгээр шалгарсан. /Ман Asian Literary Prize, Longlisted/, Англи хэл дээрх эх нь Их Британид албан ёсны агентлагтай болжээ.
Чонын алтан шагай
Зохиолч До.Цэнджав
Эрхлэн гаргасан: “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар
Адал явдлын төрлөөр бичигдсэн энэ роман урьд өмнө гарган тавьж байгаагүй цоо шинэ асуудлыг хөндөж Монголын уран зохиолд шинэ дүр, шинэ өгүүлэмж, шинэ сэргэг үйл явдал, шинэ шийдэл зэргийг гаргаж бий болгосноороо өвөрмөц содон болсон юм. Сонирхолтой туурвих арга зүйг жинхэнэ урлагийн торгон мэдрэмж, авьяас чадвар, эрдэм боловсролоор эзэмшсэн энэ зохолчийн “Чонын алтан шагай”-н монгол романы хагжилд төрөл жанр, бүтээн туурвих ур чадвар, сэдэв агуулгын хувьсал өөрчлөлтийг авчирсан шинэ цагийн сор бүтээл хэмээн утга зохиол судлаачид үнэлжээ. Одоо хятад, солонгос хэлээр орчуулагдан хэвлэгдэж байна.
Занабазар
Зохиолч: С.Эрдэнэ
Эрхлэн хэвлүүлэгч: “Монсудар хэвлэлийн” газар
Гүнгэрваанд суурилж, цомгонд тахигдсан Өндөр гэгээн бурхан нирваан төрхөөс ангижирч түүхийн бодит хүн, шашин соёлын томоохон зүтгэлтэн, нэрт уран бүтээлчийн хэмжээнд хувь хүний төрхийг олж дахин төрснөөр нэгэн зэрэг түүний түүхэн үе манай утга зохиолд амилж ирлээ. Уран сайхны төдийгүй түүхийн эрэлчин байж болох энэ бүтээл тухайн цагийн байдлыг хар бор янзаар илэрч буй мөн чанар, диалектик хөгжил, зайлшгүй ба болзошгүй шүтэлцээн дунд дүрийн гүн нарийн ур хийцээр өнгө ялгаруулж гаргахыг эзэмшсэн нь олзуурхууштай. Сайн номонд эцсийн хуудас гэж байхаас, эцсийн уншигч гэж үгүйг энэ ном баталж үе үеийн уншигчдын ширээний ном болжээ.
Бөөгийн домог
Зохиолч: Г.Аюурзана
Энэ бол маш олон домог хууч, судалгааны шинжтэй баримт агуулсан, бөө мөргөлийн тухай хийгээд өдгөө бүрэн оросжоод дуусч буй буриад-монголчуудын эмгэнэлт хувь заяа, хайр дурлалын тухай зохиол юм. Роман нь ОНГОДЫН ТООС, ХИЙСВЭР МОДНЫ СҮҮДЭР, ХАРАНХУЙН ОРНЫ ТАЙЛГА, АЛДАГДСАН СҮНСНИЙ ЭРЭЛД зэрэг сонирхолтой 7 бүлэг бүхий зохиол юм. Бүлэг бүр нь гол дүрийн амьдралын нэг нэг жилийн онцлог үйл явдлыг тусгасан зохиол ажээ. Та энэ номоос жинхэнэ бөө ямар байдаг, тэд одоо бидний дунд бий юу үгүй юу зэрэг олон асуултандаа хариулт авч болно.
Төсөөллийн өрөөнд
Зохиолч: Л.Өлзийтөгс
Л.Өлзийтөгсийн яруу найргийн шинэ түүврээс та зохиогчийн харь оронд амьдарч байхдаа бичсэн хайр дурлал, эх орон, амьдрал үхлийн талаарх эргэцүүлэл шүлгүүдийг уншаарай. Уг номоос нэгэн шүлгийг танд сонирхуулъя.
Өдөн далавчит Бурхан зохиомол уу?
Өдөт далавчгүй би зохиомол уу?
Гурван мэлмийт Бурхан эрэмдэг үү?
Хоёр нүдэт би зэрэмдэг үү?
Гэрэл цацраах бурхан амьд уу?
Гэрэл хураах би амьд уу?
Бурхан уу?
Би юу?
Хар торгон бээлий
Зохиолч: Р.Эмүжин
Энэхүү ном нь зохиогчийн хүүрнэл зохиолын анхны нь түүвэр юмаа. “Зүрхний захиалга”, “Тэр залуутай уулзахгүй”, “Миний гүнжхэн”, “Хар торгон бээлий” гээд түүний 19н өгүүллэгээс бүтсэн энэхүү түүвэр орчин үеийн залуусын хайр дурлал, энгийн амьдралын үнэн төрх, ээдрээтэй, адал явдлаар дүүрэн сонирхолтой өгүүллэгүүдээр дүүрэн юмаа.
Мандах нар мэт гэгээн амьдрахыг хүснэ
Маргаашийн өдөрт итгэж амьдрахыг хүснэ
Алдаа оноо, шунал хүслээр дүүрэн хорвоог
Амгалан агаад бардамхан туулахыг хүснэ…гэж зохиолч шүлгэлжээ.
Сэтгэлийн анир
Зохиолч: Б.Шүүдэрцэцэг
Энэ номд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн 27 өгүүллэгийг эмхэтгэгдсэн түүвэр зохиол юм. Энд “Удвал”, “Гэнэтийн бэлэг”,”Царай муут” зэрэг анхны өгүүллэгүүдээс гадна “Улаан пальто”, “Англи хэл”, “00-ийн дэргэдэх хаалга” зэрэг хийсвэр ертөнц, зэрэгцээ орон зайн тухай зохиолууд “Сэтгэлийн анир, “Эмээ бид хоёрын зун” зэрэг шинэ бүтээл багтсан түүвэр зохиолын дээж болно. Зохиогчийн ном бүхэн нь орчин үеийн залуусын унших дуртай ном байж “Интерном” их дэлгүүрийн шилдэг борлуулалттай номыг тэргүүлж байдаг юмаа.
Чингис хааны нууц түүх
Зохиолч: С.Жаргалсайхан, Л.Удвал
Монголын уран зохиолын хөгжлийн ийм үед тэсрэлт болж гарч ирсэн сор бүтээл бол “Чингис хааны нууц түүх” роман билээ. Энэхүү романы гайхамшигт хувь зохиол нь дэлхийн хүн-Чингис хааны дүрийг бүтээсэн өнөөг хүртэлх бүхий л ололтыг шингээх, омойтсныг залруулах, орхигдсныг нэмэх, олдошгүйг нөхөх түүхэн шаардлагыг уран бүтээлийнхээ гол зорилго болгон бүтээл туурвисанд оршино. Тиймээс энэ зохиол Чингис хааныг хүнийх нь хувьд амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж, эндэж, унаж босч, төлөвшиж хөгжиж байгааг уран сайхнаар үзүүлсэн нь уншигчдын таалалд нийцсэн шилдэг бүтээл болжээ.
Ээждээ бичсэн 1000н захидал
Эрхлэн хэвлүүлэгч : “Mongol Travel Service” компани
….Он цагийн хэлхээнд Монгол үндэстнийг төрүүлсээр ирсэн, ирээдүйд ч төрүүлэх бадрангуй Монголын эхчүүддээ зориулав хэмээн эхний хуудаснаа үзэглэсэн энэ номонд мянган үрсийн зүрхний үг дурайтал гэрэлтэж байна. Ээж…энэхүү ганцхан үг хэн хүний өмнө авралын бурхан, ачлалын сахиус болж тодрон мишээдэг. Энэ орчлонгийн хамгийн сайхан зам ижийдээ очих зам байдаг. Ижийдээ барих тэдний тэдний хамгийн үнэтэй бэлэг бол зүрхний үг. Энэ ном ээжийн бүүвэйгээр сэтгэлийг тань гэгээрүүлсэн үнэн зүрхний халуун ном болсон гэдэгт итгэлтэй байна.