-Хөвсгөл аймагт өвөлжилт ямар байгаа вэ?
-Аймгийн хэмжээнд цас маш их орсон, хойд талын сумдаар тал газраар 70 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад цас даваа хаагдахаас өмнө аймаг, сумдын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээ татан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар цагийн байдал хүндэрчихлээ гэсэн сум орон нутаг, малчид алга байгаа ч аймгийн Засаг даргын өвөлжилтөд бэлтгэх санамж бичгийг өнгөрсөн 10 дугаар сард бүх малчид, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн болохоор өвөлжилтийн бэлтгэл өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн байгаа.
-Орон нутагт зорчих зам даваа хаагдах хэмжээнд хүрсэн үү?
-Дархадын хотгорын чиглэлийн Өлтийн даваа цасанд хаагдсан байгаа. Аймгаас урагш босоо тэнхлэгийн Галт, Жаргалант сумдыг дайран өнгөрдөг Цагаан бургастайн даваа цасанд хаагдаж, зорчих хөдөлгөөн тодорхой хэмжээгээр саатсан ч, аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн иргэдтэй хамтарч өнгөрсөн амралтын өдрүүдэд замыг нээх ажлыг зохион байгуулсан.
-Цаашид цас нэмж орвол өвөлжилт хүндрэх сумд бий юу?
-Нэмж цас орвол аймгийн хойд талын сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Орон нутгийн удирдлагууд дээрх сумдад анхаарлаа хандуулж ажиллаж байна.