Африкийн “Мазембе” түүхэнд шинэ хуудас нэмлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Африкийн “Мазембе” түүхэнд шинэ хуудас нэмлээ


Арабын нэгдсэн Эмиратад үргэлжилж буй FIFA-гийн долоо дахь удаагийн Клубуудын дэлхийн цомын тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Конго улсын “ТП Мазембе” баг өнгөрсөн шөнө хагас шигшээд Бразилийн алдарт “Интернациональ”-ийг буулган авснаар FIFA Club World Cup-ын финалд шалгарсан анхны Хар тивийн баг боллоо. Абу Даби хотноо болсон тоглолтод Мулота Кубангу, Диоко Калуитука нарын гоолын ачаар 2:0 харьцаатай ялалт байгуулсан “Мазембе” бямба гаригт дэлхийн аваргын төлөө өрсөлдөх юм. Харин тэдний өрсөлдөгч нь Итали, Европын аварга “Интер Милан” болон Азийн Аваргуудын лигийн цомын эзэн, Өмнөд Солонгосын “Сённам Илуа” нарын ялагч байх болно.

“Мазембе”-гийн хувьд Клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан анхны Африк тивийн төдийгүй Европ болон Өмнөд Америкийн бус анхны клуб болж, түүхэнд нэрээ мөнхөллөө.


“Мазембе”-гийн дасгалжуулагч Ламинь Н’Диаи багийнхаа амжилтын талаар “Үнэхээр онцгой баяр тохиож байна. Бид Африк тивийг төлөөлж, энд ирсэн. Харин одоо тэд бидний амжилтаар бахархаж байгаа байх. Багийн хувьд, конгочуудын хувьд, цаашлаад африк хүн бүрт баярт үйл явдал тохиож байна” хэмээн ярьжээ.

2006 онд алдарт “Барселона” клубыг хожсоноор дэлхийн аварга болж байсан “Интернациональ” Абу Даби хотын Мохаммед Бин Зайедийн нэрэмжит цэнгэлдэхэд болсон тоглолтод гоолын моментийг нэг бус удаа бий болгосон ч “Мазембе”-гийн хаалгач Мутеба Кидиаба үүргээ тун сайн гүйцэтгэж чадсанаар багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж