
Уул уурхайн аврах албаныхнаас мэдээлснээр өнөөдөр 10.00 цагийн үед Налайх дүүрэг дэх нүүрсний нэг уурхайд хүн дарагджээ. Тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах иргэн Б-ийн хувийн уурхайд энэхүү осол болсон аж. Уг уурхайд гар аргаар нүүрс олборлохоор цооногт орсон 34 настай, эрэгтэй нурангид дарагджээ. Ослын газарт Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон Уул уурхайн аврах анги, тасаг ажилласан ч тухайн хүнийг амьд аврах боломж тун бага байсан аж. Харин нурангид дарагдсан хүн 100 гаруй метрийн гүнд байсан бөгөөд түүнийг цооногоос гаргахад хэдийн нас барсан байжээ. Энэ талаар Уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчиваас тодрууллаа.
-Нурангинд дарагдсан хүнийг аврах ажиллагаа хэр удаан үргэлжилсэн бэ?
-Бид аврах ажиллагааг эхлүүлээд 10 гаруй минутын дараа түүнийг гаргасан ч харамсалтай нь тэр хүн нас барсан байсан.
-Талийгаач хувиараа нүүрс олборлодог байсан уу?
-Тийм. Ер нь хүйтэн сэрүүний улирал болохоор нүүрсний цооногт орж хувиараа нүүрс олборлох иргэдийн тоо эрс нэмэгддэг.
-Өнгөрсөн онд Налайх дүүргийн нүүрсний цооногуудад олборлолт хийхийг хориглож, хаах шийдвэр гарч байсан ч хүчингүй болгосон юм уу?
-Үгүй. Хаах шийдвэр хүчинтэй хэвээрээ. Налайх дүүрэгт нүүрсний 160 гаруй хувийн ам, цооногт 1500 гаруй хүн ажиллаж байна. Тэдгээр хувийн цооногууд нь айлын хашаанд ихэнх нь байдаг тул тэр бүр хяналт тавих боломжгүй. Энэ талаар холбогдох албаныхан анхааралдаа аваасай л гэж хүсч байна.