Орос Монголын өрийг цайруулав

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Орос Монголын өрийг цайруулав

Оросын талд төлөх Монголын өрийг зохицуулах талаар тохиролцож чадав. Москвад айлчилж байгаа Монголын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдтай Оросын ерөнхий сайд Владимир Путин, хэлэлцээ хийгээд зохих бичиг баримтад гарын үсгээ зурсан тухай РИА Новости агентлаг дамжуулжээ. Орост төлөх Монголын өрийн хэмжээ нь 180 сая ам.доллар бөгөөд тэр нь Зөвлөлт задарсны дараа үед "Монголросцветмет" хамтарсан үйлдвэрт Монголын талын оролцооны төлбөрийн зээлийг Орос өгснөөс үүдэн гарч иржээ.

ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрины тайлбарласнаар Монголын өрийн 97,8 хувийг зүгээр л цайруулжээ. Үлдсэн  3,8 сая ам.долларыг ганцхан траншаар шилжүүлэх гэнэ. Өрийн асуудал цэглэгдсэний дараа Орос дахиад Монголд  125 сая ам.долларын тусламжийг үзүүлэх боломжтойг сайд хэлж байна.

Арванхоёрдугаар сарын 14-нд Орос, Монгол хоёр “Дорнодын уран” гэх уран олборлох хамтарсан компани байгуулах зарчмын нөхцлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Оросын Алтайн хязгаар Барнаул хотноо Монголын консулын газартай болох санал гаргажээ. Алтайн хязгаарт Монголын консулын газар байхгүй байгаа нь бүс нутгийн ба Баруун Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол саад болж байна хэмээн хязгаарын эрх баригчид үзэж байгаа гэнэ.

Ирж буй онд консулын газар нээх талаар идэвхтэй ажиллах бөгөөд уг санааг Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс дэмжиж байгаа ажээ.

Алтайн хязгаарт ойр Монголын консулын газрууд Кызыл ба Эрхүүд байрладаг. Тийм алслагдмал байдал нь хязгаарт том асуудал болж байгаагаас гадна Орост байдаг монголчуудад ч хүндрэл гаргадаг ажээ. Жишээлбэл, өнгөрсөн жилийн аравдугаар сард Баян-Өлгийгөөс Карагандагийн чиглэлд явж байсан 17 зорчигчтой автобус онхолдох үеэр хөл хүнд байсан эмэгтэйг Родино суурины эмнэлэгт авчран төрүүлсэн байв. Хүү төрүүлсэн эх нь түүнд Родино нэр өгсөн нь нутгийн сонинд бичигдэж сүр болж байлаа. Гэтэл тэр эмэгтэйн визийн хугацаа дууссанаас хүүгээ эмнэлэгт үлдээн нутаг буцсан байв. Хүүг нь зөвхөн Монголын консулын газар бүртгэж болох байсан ба тэр эмэгтэй тийшээ очих мөнгөгүй байжээ. Гэсэн ч эцэг эх нь бөөн ажил болж байж хүүгээ авч чадсан түүтэй гэнэ. Ер нь бол Алтайн хязгаарын Чуйскийн замаар өмнө нь орос бараа Монголд нийлүүлэгдэж байсан ба хязгаарт Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж байсан эдийн засгийн харилцааны уламжлалтай гэж Алтайн эрх баригчид ИТАР-ТАСС агентлагд мэдэгдсэн байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж