
Хатагтай Сезин Синаноглу хоёр талын хамтын ажиллагаа сайн байгааг тэмдэглээд Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан “Иргэний танхим”-ын нэг жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан төрийн тэргүүнд баяр хүргэв. “Иргэний танхим” байгуулсан нь нийгэмд шинэ уур амьсгал бий болгоход чухал үйл явдал болсон юм. Мөн Уур амьсгалын асуудлаар болсон НҮБ-ын Копенгагены хуралд тэргүүлэх үүрэгтэй оролцсонд болон цаазаар авах ялыг халах асуудлаар идэвхийлэн ажиллаж буйд баяр хүргэе. НҮБ Монгол Улсад шударга ёс, хүний эрхийг бэхжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлж, уул уурхайн орлогоос ажлын байр бий болгоход хамтран ажиллах болно гэж тэрээр нэмж хэллээ. Монгол Улсад 2012-2016 онд үзүүлэх НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээг хоёр тал ярилцан эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн суурь үйлчилгээ, хүрээлэн буй орчин, засаглалын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байгааг Ерөнхийлөгч дурьдаад Монголд нүүрэлсэн зуд гамшгийн үеэр НҮБ олон улсын тусламжийг зохион байгуулахад хошуучлан оролцож байсанд талархал илэрхийлэв.