Абдулла Гюль: Израйльтай харилцаа тасарсан

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Абдулла Гюль: Израйльтай харилцаа тасарсан

Турк болон Курд үндэстний мөргөлдөөн эрх баригчдынх нь шүдний өвчин болж, олон жилийн турш буглаад байсан юм. Тус улсын Засгийн газар улс, үндэстнийхээ эв түнжингүй байдлыг эвлэрүүлэхийн тулд өнгөрсөн жилээс нийгмийн шинэчлэлт хийж эхэлсэн нь үр дүнгээ өгчээ. Үүний тод илрэл нь Курд үндэстэнд зориулсан курд хэл дээрх сонин хэвлэл, телевизийн сувгийг хүртэл байгуулсан явдал юм. Мөн шашны болон шашингүй үзэлтэй улс төрийн хүчнүүдэд тэгш эрх олгож, нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлж өгсөн. Харин сүүлийн үед тус улсын Европын холбоонд гишүүнээр элсэх асуудал ч нэлээд хурцаар яригдаж буй билээ. “Евроньюз” агентлаг Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гюльтэй ярилцаж, тус улсын хийж буй ажлууд болон Израйльтай холбоотой асуудлыг тодруулсан байна. Ноён А.Гюль энэ ярилцлагаар Турк болон Израйлийн харилцаа тасарсныг зарлав. Өмнө нь тус улсын өндөр албан тушаалтнууд Европын холбоонд элсч чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлж байсан билээ. Харин сүүлийн үед Туркийн гадаад бодлогын талаар цацсан сөрөг мэдээлэл нь хэн нэгний хийсэн явуулга байсан бололтой.

-Турк улс хөрш зэргэлдээ орнуудтай тогтоосон харил­цаагаа хөгжүүлж, зузаатгах замаар бүс нутгийн хэм­жээнд өөрсдийн байр суурийг ба­татгаж байгаа. Харин ба­рууны орнуудаас бага зэрэг хөндийрөх болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байна. Тэгэхээр танай улс яг аль зүгт хандаж байна вэ. Баруунаас салж байгаа хэрэг үү. Эсвэл Турк улс тэнхлэгээ тойрон эргэж байна уу?

-Манай гадаад харилцааны талаар сайн, муу маш олон яриа тархсан байна лээ. Би аль болох бүх мэдээллийг олж, асуудалтай ойр байхыг эрмэлзэж байгаа. Миний бод­лоор тэр бүх ярианы дийлэнх нь буруу ташаа зүйл. Би өмнө нь ч хэлж байсан.  Туркийн талаарх таагүй яриа бүхэн хэн нэгний санаатай үйлдэл, эсвэл юу ч мэдэхгүй хүмүүсийн хэн­хэглэх зан. Манай Засгийн газрын зорилго маш тодорхой. Бид ардчиллыг хөгжүүлж, эдийн засгийн стандартыг өөрсдийн чадах чинээгээр сайж­руулахыг зорьдог. Шинэчлэл хийхийн тулд үнд­сэн хуулиа өөрчлөх хэрэгтэй боловч бидэнд түүхийн болон геополитикийн давуу тал ч бий. Бид олон зүгт хандсан бодлого баримталж байгаа.

-Та сая хэн нэгний санаатай үйлдэл гэлээ. Энэ юу гэсэн үг юм бэ?

-Өмнө нь Турк буруу га­даад бодлого баримталж байсан. Тухайн үед бид хөрш орнуудтайгаа мөнхийн асуудалтай байсан шүү дээ. Худалдаа, эдийн засгийн харилцаа мөлхөх төдий л байсан юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн зүйлийн шалтгаан болох учиргүй. Турк улс мухар гудамж шиг байсан бол одоо олон салаа сүлжилдсэн зам шиг болсон. Франц, Герман, Канад, АНУ гээд хилээрээ нээлттэй харилцаж, худалдаа хийдэг улсуудыг хар л даа. Энэ нь маш сайн үр дүн өгсөн. Харин Туркийн хувьд хаалттай байх нь хөршүүдтэйгээ ядмагхан  худалдаа хийдэг байсны үр дүн.  Бид буруу тэнхлэгтэй бай­сан. Харин одоо зөв тал руугаа хэвийж эхэллээ.

-Саяхан болсон НАТО-гийн уулзалтын үеэр аль нэг улсыг пуужингийн дов­толгооноос хамгаалах сис­темийн бай болгох талаар дурьдсангүй. Францын Ерөн­хийлөгч Н.Саркози “Илэн далангүй бай…” гэж Иранд хандан хэлсэн. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Юуны түрүүнд тухайн мэдэгдлийн цаад санаа юунд оршиж байгааг харах хэрэгтэй. Бидний хувьд газар дээр нь шийдвэрээ гаргасан. НАТО бол батлан хамгаалахын сүл­жээ болохоос дайралт үйлдэх, аль нэг орныг овоо хараандаа авах байгууллага биш шүү дээ. Пуужин эсэргүүцэх сис­тем хорон санаа агуулж, зэвсэглэл хөөцөлдсөн орнуу­дын эсрэг чиглэдэг. Ирээдүйд ийм систем улам олшрох байх. Тиймээс манайх тэр дор нь шийдвэрээ гар­гасан юм. Ер нь энэ уулзалтаар заналхийллийн эс­рэг арга хэмжээ авагдсан. Нөгөөтэйгүүр улс орнуудыг нэг нэгээр нь нэрлэж, бу­руутгавал хэрэг бишдэнэ. Аль ч улсаас заналхийлж болно шүү дээ.

-НАТО-гийн гишүүн биш ор­нууд ялангуяа Израйлийг өөрсдийн далбаан доор нэгт­гэж, ажиллах талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ бол асуудлаас ан­гид зүйл. НАТО-гийн үйл ажиллагаа гишүүн орнууддаа л  хамааралтай байх ёстой. Израйль НАТО-гийн гишүүн орон биш шүү дээ. НАТО-той хамтарч ажиллах ч үгүй. Тэгэх боломж ч байхгүй. Шууд хэ­лэхэд Израйль НАТО-гийн эд зүйлсийг ашиглахгүй.

-Газын зурваст тусламж хүргэх цуваанд тохиолдсон зүйлийн дараа Турк улс Израйлийн ха­­рилцаа дээсэн дөрөөн дээр дэн­жигнэх боллоо?

-Шулуухан хэлэхэд тэр явдлаас болж олон зүйл өөрчлөгдсөн. Хүмүүнлэгийн тусламж ачсан цуваа Газар дундын тэнгис дэх олон улсын мэдлийн хэсэгт явж байхад Израйлийн цэргүүд халдсан. Харамсалтай нь хэд хэдэн хүний амь эрсдсэн. Бидний хувьд үүнийг мартах аргагүй.

-Тэгэхээр Израйль, Тур­кийн нөхөрлөл дуусгавар болжээ дээ?

-Яг тийм. Израйль Турк болон манай ард түмэнтэй тогтоосон найрсаг холбоогоо тасалсан.  

-Ноён Ерөнхийлөгч өө, Ираны цөмийн хөтөлбөрөөс улбаалж, Турк болон ба­рууны хүчнүүдийн дунд ихээхэн хагарал гарах шиг боллоо. Барууны орнууд Те­гераныг цөмийн зэвсэг хийх вий гэдэгт сэтгэл зовниж байхад Турк улс талуудыг дипломат харилцаагаа тас­лахгүй байхыг шаарддаг. Тэгвэл Турк болон барууны орнуудын дунд аюулгүй байдлын асуудлаар маргаан бий юү?

-Үгүй. Мэдээж Турк улс хөршүүдийнхээ асуудалд ан­хаарал болгоомжтой хан­дахыг их хичээдэг. Энэ бол тоглоом биш. Хэрэв дипломат харилцаа үгүй болвол дайн үүснэ. Иракт болсон явдлыг сана л даа. Эхлээд дипломат харилцаа үгүй болсон, дараа нь дайн дэгдсэн. Хэн дайны төлөөсийг төлсөн билээ. Иракийн ард түмэн болон хөрш орнууд нь төлсөн шүү дээ.

-Европын холбоо(ЕХ)-ны талаар ярилцъя. Тур­­кийг ЕХ-ны гишүүн бол­гох олон арван хэ­лэлцээрийн тал хувь нь мухардалд орчихсон. Ийм үед та Туркийн ЕХ-ны ги­шүүнчлэлд багтах зорилго хэрэгжинэ гэж үзэж байгаа юу?

-Бидний хувьд ЕХ-нд элсэх нь үндэсний ашиг сонирхол. Бид гишүүнчлэлд багтана гэдэгтээ бүрэн дүү­рэн итгэдэг. Энэ асуудал нь улс төрийн намуудаас ч хол давсан хэрэг. Хамгийн гол нь ЕХ-ны гишүүнчлэлд багтах нь бидэнд стратегийн ач холбогдолтой юм. Түүнээс гадна гишүүнчлэлд багтах гэрээ хэлцэл 2005 оноос эхлэлтэй. Тухайн үед гэрээг үзэглэсэн эрхмүүд өнөөдөр ч гэсэн албан тушаалаа хашиж  байгаа. Бас дийлэнх нь амьд байна шүү дээ. Тэгэхээр тэд өөрсдийн амлалтад хүрэх нь тодорхой.

-Хэрэв Турк улс ЕХ-ны гишүүн болж чадахгүй бол “Б төлөвлөгөө” бий юү?
 
-Бидэнд “Б төлөвлөгөө” байхгүй. Гэхдээ Турк улс зорилгодоо заавал хүрэх бол­но. Европын хороо “Турк улс гишүүн боло­ход бэлэн байна” гэж үзсэн. Гишүүнчлэлд багтах ажил дуусахгүй. ЕХ-ны зарим ги­шүүд манай асуудлаар санал хураалт явуулна. Бидэнд энэ ажил хаашаа эргэж, Туркийн ард түмэн юу гэж бодох талаар ямар нэгэн таамаглал алга. Магадгүй норвегичүүдтэй адил үйл явдал болох байх. Гэхдээ бидэнд хэлэлцээрээс ухрахгүй байх л хамгийн гол нь. Энэ нь бидний хувьд алсыг хараагүй байж болох ч стратегийн бодлогогүй улс орнууд ч бий шүү дээ. Тийм улсууд өдөр хоногийг аргацааж, ялихгүй асуудлаар хөө­цөлдөгчид юм.

-Сүүлийн жилүүдэд Турк улсын Засгийн газар ард­чилал руу чиглэсэн хэд хэдэн чухал алхам хийлээ шүү дээ. Хэдий тийм бо­ловч ардчиллын үндсэн бү­рэлдэхүүн хэсэг болох хэвлэлийн эрх чөлөөний асуу­дал өнөөгийн байдлаар бүрхэг байх шиг. Нэг үгээр хэлбэл сайнгүй байна. Энэ нь зохисгүй байдал биш үү?

-Мэдээж хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын гол тулгуурын нэг. Хэвлэн нийт­лэх нь тухайн улсыг ил тод байлгаж, Засгийн газарт хяналт тавьж чаддаг. Бидний хувьд ч гэсэн энэ тал дээр хэд хэдэн ахиц гаргасан. Маш олон сэтгүүлч бичсэн зүйлийнхээ төлөө шүүхийн өмнө очдог байсан. Энэ л миний сэтгэлийг зовоож байдаг юм. Тиймээс би хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэн хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж