
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан тайлангаас үзвэл нийслэлийн Баянгол дүүргийн 66, Баянзүрх дүүргийн 11, Сонгино хайрхан дүүргийн 84, Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэг гээд 10-аад цэцэрлэг зориулалтын бус байр, гэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нэг цэцэрлэгт дунджаар 50-100 орчим хүүхэд хүмүүждэг гээд бодоход бараг л мянган хүүхэд гэрт хүмүүждэг болж таарч байгаа юм.Хөгжиж байгаа улсын нийслэлд амьдарч байгааг хэлэх үү, сүүлийн үед хүйтэрч байгааг ч хэлэх үү бага насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг гэр цэцэрлэгээс авч байгаа гэдгийг сонсоод итгэсэнгүй. МХЕГ-аас гараад нийслэлийн Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийг зорин очсон юм. “Хэдэн гэрт, хэдэн хүүхэд хүмүүжиж байгаа бол. Бага насны хүүхдүүд хэд, хэдээрээ гэрт бөөгнөрөөд суучихсан, даараад сууж байгаа даа” гэсэн бодол тээн очсон биднийг гэр бус гурван давхар улаан байшин угтсан юм. Гэхдээ нэг их сайхан улаан байшин биш л дээ. Зарим цонх нь цантчихсан, хана нь цуурчихсан, дээд талын булангаас нь хэд хэдэн тоосго ховхорчихсон, тийм л байшин. Ойр тойрноос нь гэр хайгаад олсонгүй. Тус цэцэрлэгийн хаалгаар ороход харанхуй хонгил, чийгний үнэр угтсан юм. Үүдэнд сууж байсан хоёр ажилтнаас “Танай цэцэрлэгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирж шалгаад нураана гэсэн юм уу” хэмээн асуухад “Тийм үү. Арай ийм олон хүнийг ажилгүй болгоод цэцэрлэгийн байрыг маань нураачих юм биш биз дээ” хэмээв. Тус цэцэрлэгийнхэн өдрийн цагаар ч гэсэн байнга гэрлээ асаагаад сууж байдаг юм билээ. Учир нь уг цэцэрлэгийг 39 жилийн тэртээ орон сууцны зориулалтаар барьж байсан гэсэн. Тийм болохоор хүүхдүүдэд тохирсон суултуур, цэцэрлэгийн барилгын стандартад заасан олон талаас нь нар тусдаг байх шаардлагын талаар ярилтгүй. Тэгээд гэрэл гэгээтэй байлгах санаатай хамаг гэрлээ өдрийн цагаар асаадаг аж. Бас олон жил болсон болоод ч тэр үү агааржуулалтын систем нь ашиглалтаас хэдийнэ гарчихсан юм билээ. Гэхдээ цэцэрлэгийн хамт олон өөрсдийн чадах хэмжээгээр засч янзалж байгаа бөгөөд вакуум цонх хийж, дээр нь гишгэхээр хонхойж, чихарч дугардаг шалаа будаж, янзлаад л байгаа гэсэн. Цементэн хана, шал нь хагарч цуурсан нь суулт өгч байгаагийн тод жишээ гэлтэй.
Нийслэлийн Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Сурмаа:
-Манай цэцэрлэгт зургаан бүлгийн 180 орчим хүүхэд хүмүүждэг.Хүүхдийн тоо хэтэрсэн. Ер нь бол нийслэлд төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдээс хүүхдийн тоо хэтрээгүй нэг ч цэцэрлэг байхгүй. Бас ихэнхийнх нь барилга он удаан жил болсон байдаг. Манай цэцэрлэгийн байр л гэхэд суулт өгсөн, цахилгааны асуудалтай, дээврээсээ ус гоождог. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, цэцэрлэгийн насны хүүхэд маш олон болсон. Хуучин байранд олон хүүхэд хүмүүжиж байгаа болохоор өвчлөл ч нэмэгдсэн. Дарга нар тоогоо хэтрүүллээ гэж загнадаг. Гэхдээ оюутан охин ирээд хүүхдийг минь аваач гээд уйлаад суучихаар ямар ч арга байдаггүй юм. Би өмнө нь цэцэрлэгүүдийн асуудал хариуцан ажиллаж байсан. Хуучин байранд үйл ажиллагаа явуулж буй олон цэцэрлэг бий. Гэхдээ мэргэжлийн хяналтынхны хэлснээр гэрт хүүхдээ хүмүүжүүлж байгаа цэцэрлэг нэг ч байхгүй.
Тэрбээр ийн хариулав. “Улсын байгууллагынхан худал зүйл бичмээргүй юм” хэмээхэд Ж.Сурмаа гуай утсаар холбогдох хүнээс лавлав. Тэр хүн нь “Байр нь муудсан цэцэрлэг байгаа ч гэрт орсон тохиолдол одоохондоо байхгүй байна” гэсэн хариу өгчээ. Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэгийг Баянзүрх дүүргийнх хэмээн мэргэжлийн хяналтын байцаагчын тайланд бичсэн байсныг үзвэл алдсан нь үнэн болж таарав. Бас цэцэрлэгүүдэд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид саяхан биш аль жил гаруйн өмнө шалгалт хийж байсан сураг бас дуулдав. Гэхдээ сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ихэнхийнх нь чанар муудсан нь үнэн. Үүнд тохирсон арга хэмжээ авч, шинэ байшин, байр барьж чадахгүй байгаа нь бас үнэн юм. МХЕГ-аас гаргасан тайлангийн хариуг сонссон төрийн өндөрлөгүүд юу бодож суугаа бол.
Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин