Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин нар хоёр орны түүхийн явцад бүрэлдсэн уламжлалт найрамдалт, сайн хөршийн харилцаанд үнэнч гэдгээ дахин нотолж цаашид бүх талын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг тууштай хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхээр тохиролцжээ.
Энэ хүрээнд хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, худалдааг либеральчлах, балансын алдагдлыг бууруулах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, Монголд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр мөн тохирсон байна.
Тухайлбал, Монгол Улсын байгалийн нөөц баялаг, эрчим хүчийг олборлох ашиглах, ураны орд газруудыг ашиглах зорилгоор “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах, “УБТЗ” ХНН, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийг далайцтай шинэчлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт өвчнөөс сэргийлэхэд шаардлагатай 370 сая рублийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ.
Мөн Соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг авч хэлэлцэж цаашид улам өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхээр боллоо. Хоёр улсын ерөнхий сайд нар түүчлэн 2011 онд болох Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцлоо. Түүнчлэн харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, үүний дунд Ази, түүний дотор Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд болсон яриа хэлэлцээний дүнгээр Монгол Улс, ОХУ-ын Хамтарсан мэдэгдлийг байгуулж, гарын үсэг зурав. Мөн Монгол, Оросын хооронд нийтдээ 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.