Валютын их урсгал эрсдэл дохиолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Валютын их урсгал эрсдэл дохиолж эхэллээ

-Эрсдэл дагуулж болох хөрөнгийн дотогшлох урсгалын үед Мөнгөний бодлого ямар байх ёстой вэ? Энэ асуулт тун төвөгтэй хариу шаардаж байгааг Төвбанкны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна-

Монголын эдийн засагт гаднаас орж ирэх валютын урсгал энэ онд эрс нэмэгджээ. Гаднаас орж ирэх тэрхүү валютын урсгал Монголын бодит эдийн засагт байршихдаа ямар эрсдэл дагуулж болохыг урьдчилан тооцоолох, эрсдлийг удирдах аргаа төлөвлөх шаардлага нэгэнт тулгарсныг Монголбанкны мэргэжилтнүүд санууллаа.

Уг нь валютын буюу хөрөнгийн дотогшлох урсгал эдийн засагт том завшаан боломж авчирдаг аж. Гэхдээ энэ нь эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлтийг хэр сайн хангаж чадах вэ, түүнд чиглэсэн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээс хамаарах юм байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү валютын урсгалыг зөв удирдаж, эдийн засагт ухаалгаар шингээж чадсан тохиолдолд өгөөжөө өгөх ёстой.

Валютын дотогшлох урсгалын хэмжээ нэмэгдэхийн хэрээр эх үүсвэрүүд нь ч нэмэгджээ. Ерөнхийд нь бол уул уурхайн болон уул уурхайн бус орлогын эх үүсвэр, түүнчлэн экспортын, шууд хөрөнгө оруулалтын, багцын хөрөнгө оруулалтын, зээлийн урсгал шилжүүлгийн гэх зэрэг байдлаар дотор нь ангилж болох аж.

Бүр энгийнээр задалж үзвэл, уул уурхайн салбарын экспортын орлого, банкуудын олж ирж байгаа эх үүсвэр, гадаадын иргэд, байгууллагуудаас манай зах зээлд байршуулж буй мөнгө, бонд арилжаалснаас олсон орлого зэрэг нь гадаадаас дотогшилж байгаа валютын урсгалыг нэмжээ. /Дотогш нэвтэрч байгаа валютын ихэнх нь уул уурхайн орлогоос орж ирж буй бол Голланд өвчний шинж тэмдэг гэж үзэх ёстой юм байна/ Харин энэ үзэгдэл яаж, ямар зүй тогтлоор эдийн засагт эрсдэл дагуулж болох вэ?

Хөрөнгийн дотогшлох урсгал нь юуны өмнө хувийн хэвшлийг идэвхжилд оруулдаг байна. Хувийн хэвшлийн идэвхжил нь бодит үйлдвэрлэлийг эдийн засгийн потенциалаас давж гарахад хүргэж, бодит боломжоосоо давсан эрэлтийг үүсгэдэг аж. Энэхүү өндөр эрэлтээ нийлүүлэлт нь даган өсч чадахгүй тохиолдолд үнийн дарамт инфляци нүүрлэдэг. Энэ бол эрсдэлийн нэг тал.

Хоёрдугаарт, валют ихээр урсч орж ирснээс түүний ханш унаж, хариуд нь төгрөгийн ханш чангардаг. Төгрөгийн ханш чангарсан тохиолдолд дотоодод үйлдвэрлэгдэж байгаа бараа, бүтээгдэхүүний өртөг өндөрснө гэсэн үг. Энэ нь экспортод гаргадаг бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх өрсөлдөх чадварыг бууруулдаг байна. Өөрөөр хэлбэл, гадаадад үйлдвэрлэгдэж байгаа ижил нэрийн бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн түүнээс өндөр өртгөөр бүтнэ гэсэн үг. Гэтэл экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнийг гадаад зах зээл л тогтоох учраас бид “үүнийг өндөр өртгөөр үйлдвэрлэсэн болохоор бид үнээ нэмлээ” гэх арга байдаггүй. Ийм замаар экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурдаг байна. Мөн нөгөө талаас импортоор орж ирж байгаа ижил бараа бүтээгдэхүүний үнэ дотоодынхоос хямд болж таарна.

Гуравдугаарт, гадаадаас орж ирж буй хөрөнгийг зуучилж, эдийн засагт байршуулж байгаа санхүүгийн байгууллагын актив, пассивын хугацааны зөрүүг бий болгож, улмаар санхүүгийн системийн эмзэг байдлыг үүсгэдэг байна. Тэгэхээр товчхондоо бол хөрөнгийн дотогшлох урсгал эдийн засгийн халалт, инфляци буюу үнийн дарамт, эргээд эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтворгүй байдлыг үүсгэх харанга цохиж байна.

Хөрөнгийн дотогшлох урсгалын үед Мөнгөний бодлого ямар байх ёстой вэ? Энэ асуулт тун төвөгтэй хариу шаардаж байгааг Төвбанкны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Учир нь ийм үед баримтлах мөнгөний бодлого олон хүчин зүйлээс хамаардаг аж. Тухайлбал, тухайн улсын Төвбанкны мөнгөний бодлого эдийн засгийн орчноос үл хамаарах бие даасан байж чадаж буй эсэхээс, хоёрдугаарт, тухайн улсын валютын ханшийн дэглэм ямар байхаас, гуравдугаарт, тухайн орон хөрөнгийн дотогшлох урсгалд хяналт тавьж чадаж байгаа үгүйгээс хамаарах нөхцөл байдал үүсчээ.

Одоо бол хөрөнгийн дотогшлох урсгал,капиталд хяналт тавьж чадахгүй нь хамгийн тодорхой асуудал гэж Монголбанкны судалгааны мэргэжилтэн хэллээ. Өөрөөр хэлбэл, хэн хэзээ хаанаас хөрөнгийн эх үүсвэр оруулж ирэх, хэзээ түүнийгээ зах зээлээс татаж гаргахыг хянах, зохицуулах боломж байхгүй аж. Тэгэхээр одоо ямар боломж байна гэхээр Төвбанкны мөнгөний бодлогын бие даасан байдлыг сонгож авах, тэгээд хөвөгч ханшийн дэглэмийг хэрэгжүүлэх сонголт л үлджээ. Энэ нь Мөнгөний бодлогоор инфляцийг тогтвортой нам төвшинд барих, үүний тулд валютын ханшийн хөвөгч дэглэм барих ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, долларын ханшийг тодорхой төвшинд хатуу барих биш хөвөгч хүүгийн дэглэм баримтлах нь тодорхой болж байгаа аж. Харин өнөөдрийн байдлаар Монголбанк зах зээл дээрх валютын нийлүүлэлтийг хазаарлах, илүүдлийг шингээхийн тулд валют худалдаж авах замаар зохицуулалт хийж байгаа аж.

З.БОРГИЛМАА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж