“Улаан жигүүрүүд”-ийн гутамшигтай ялагдал

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

“Улаан жигүүрүүд”-ийн гутамшигтай ялагдал

Сүүлийн өдрүүдэд Америк улсад их хэмжээний цас орж, цаг агаарын байдал муудаж байгаачлан Үндэсний хоккейн лигт байгалийн онц ноцтой үзэгдэл тохиоож байна. Өчигдөр зүүн бүсийн шилдэг баг 7:0 харьцаатай хожигдсон бол өнөөдөр баруун бүсийн Детройтын “Улаан жигүүрүүд” талбайдаа “Лос-Анжелес Кингс”-т 5:0 харьцаатай бут ниргүүллээ. Эхлээд лигт байгаа ховорхон тоглогчдын нэг өнгөт арьст Уэйн Сайммондс, Матт Грийнийн дамжуулалтаар “Кингс”-т давамгайллыг авчирсан бол дараагийн 20 минутад Оскар Муллер тодорч, Детройтын хаалганд хоёр дахь гоолыг хийсэн юм. Гэсэн ч алдарт Жое Льюисийн нэрэмжит ордонд цугларсан үзэгчид шийдвэрлэх гуравдугаар үед багийнхаа эргэн ирэлтэд найдвар тавин тэсэн ядан хүлээж суусан юм. Гэтэл ердөө 23–хан секундын дараа Словен хоккейчин Анжи Копитар Дастин Брауны дамжуулалтаар хөгжөөн дэмжигчдийн найдварыг тасалж, тооны харьцааг 3:0 болгон холдуулжээ. Үүний дараагаар талбайн эздийн байдал бүр ч дордож, дараалан хоёр гоол алдсаны дотор Анжи Копитар мөн л нэг гоолыг хийж, энэ өдөр хоёр гоолтойгоор багийнхаа шилдгээр тодорсон. Ийнхүү 5:0 харьцаатай талбай дээрээ бут ниргүүлсэн Детройтын баг дахин шүүмжлэлийн бай болоод байна. 2010 оны нэгдүгээр сард буюу 11 сарын өмнө “Улаан жигүүрүүд” “Нью-Йорк Айлендерс”-т 6:0–ээр хожигдож байсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж