
Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар, харин 66 хувийг Ванкуверт бүртгэлтэй „Ivanhoe“ компани эзэмшдэг бөгөөд „Rio Tinto“-той хамтран үйл ажиллагаа эрхлэх юм. Өнгөрсөн долоо хоногт хоёр компани энэхүү зургаан тэрбум ам.долларын төсөлд зориулан санхүүгийн шинэ төлөвлөгөө боловсруулсан юм.
Роберт Фрийдландын удирддаг „Ivanhoe“ компанийн зүгээс 2011 оныг Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын оргил үе болно гэж мэдэгдсэн байна. Оюутолгойн үндсэн олборлолт 2012 оноос эхлэх юм. Компанийн тооцоолсноор эхний шатны үйл ажиллагаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх бол 2012 оны хоёрдугаар хагаст хүдэр боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахад зориулж 3,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Мөн 2013 он хүртэл нэмэлт нэг тэрбум ам.долларыг төсөлд зарцуулна гэж тооцоолж байгаа юм байна.