МАХН-ын Онц их хурлыг хуралдуулна гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

МАХН-ын Онц их хурлыг хуралдуулна гэлээ

МАХН-ын Түр штабаас дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус түр штабын менежер Б.Туяагийн хэлснээр бол МАХН-ын Түр штабын үйл ажиллагааг дэмжиж, одоогоор гишүүд, дэмжигчдийн тоо түм даваад байгаа. Улсын хэмжээнд 311 сумаас гишүүд дэмжигчид гар утсаараа дамжуулан, талархалаа илэрхийлж байгаагийн зэрэгцээ МАХН-ын Онц их хурлыг хуралдуулахыг хүсчээ. Мөн МАХН-ын Түр штабынхан ч Онц их хурлыг хуралдуулах онцгой нөхцөл үүссэн гэж үзсэн.  Тиймээс ойрын хугацаанд МАХН-ын Онц их хурлыг хуралдуулах болно гэж мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр, Онц их хурлыг хуралдуулах тухай мэдэгдлийг Түр штабыг байгуулах үедээ буюу арваннэгдүгээр сарын 17-нд хийж байсан. Намын дүрэмд зааснаар Их хурлыг 45 хоногоос доошгүй хугацаанд зарлан хуралдуулахаар заасан байдаг тул ажлын хэсэг байгуулагдан, бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Түүнчлэн МАХН-ын Түр штабынхан “Наран туул” худалдааны төвөөс 1000 хүнийг оролцуулсан судалгааг хийсэн юм байна. Судалгаанд 1.МАХН-ын нэрийг өөрчилж, МАН болгосон нь шинэчлэл мөн үү гэжээ. Судалгаанд оролцогчдын 80.4 хувь нь “Энэ бол намын шинэчлэл биш” гэж хариулсан. 2.Та өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу гэхэд 92.6 хувь нь “Үгүй” гэж хариулсан. 3.Та өөрийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйд итгэлтэй байна уу гэхэд 73.4 хувь “Итгэлгүй байна” гэсэн хариултыг тус бүр өгсөн. Ер нь ард түмний амьдрал хэцүү, ядуу зүдүү амьдарч байгаа нь МАН-ын үйл ажиллагаатай холбоотой гэсэн юм.

Энэ үеэр сэтгүүлчид  МАХН-ын Түр штабын менежер Б.Туяагаас дараах асуултад хариулт авсан юм.

-Өнгөрсөн хугацаанд МАХН гол төлөв төр барьсан, иргэдийн ахуй амьдрал дээшлээгүй нь энэ намын бодлого үйл ажиллагаатай холбоотой.  Өөрөөр хэлбэл, та бүхэн өөрсдийн намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна гэж дүгнэж болох уу?

-Иргэдийн ахуй амьдрал өнгөрсөн хугацаанд дээшлээгүй нь МАН-ын удирдлагын үйл ажиллагаатай холбоотой. Түүнээс үүнд нам буруугүй.

-Тэгвэл тэдгээр дарга нар хариуцлага хүлээх ёстой юу. Н.Энхбаяр дарга МАХН-ын дарга байсан. Энэ хүн бас хариуцлага хүлээх ёстой юу. Ц.Шинэбаяр гишүүний ард Н.Энхбаяр дарга байгаа гэж олон хүн мэдэгдэж байгаа. Ил гарахаар яагаад байна вэ?

-МАН-ыг удирдаж байсан дарга нар хариуцлага хүлээх ёстой. Н.Энхбаяр дарга ч тодорхой хариуцлага хүлээх ёстой. Харин МАХН-ын Түр штабыг байгуулсан Ц.Шинэбаяр гишүүний ард Н.Энхбаяр дарга байгаа гэдэг бол худлаа зүйл. Ц.Шинэбаяр гишүүний ард хэн ч байхгүй.

-МАХН-ын Түр штабд гишүүнээр элсэгчдэд мөнгө амлах болсон талаар танай штабаас мэдэгдсэн. Үнэхээр ийм оролдлогууд гарсан юм уу. Хаана ийм явдал болсон юм бэ?

-Орон нутаг дахь МАХН-ын Түр штабын гишүүдээс бидэнд энэ талаар мэдээлэл ирүүлж байгаа. Тухайлбал, Дорнод аймаг дахь МАХН-ын Түр штабын гишүүдээс бидэнд 50 мянган төгрөг амлаж байна гэсэн. Захиалгатайгаар ийм зүйлүүд гараад байна. Хаанаас ийм зүйл хийгээд байна вэ гэдгийг бид тогтоохгүй, шалгаж тогтоох үүргийг хууль хяналтын байгууллагад бий гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж