Шахмал түлшний сургалт болов

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Шахмал түлшний сургалт болов

Японы Ой усны яамны дэргэдэх ОУ-ын ХАА-н төвөөс манай аймагт гурван жилийн турш шар шороон шуурганы эх үүсвэртэй тэмцэх судалгаа, шинжилгээг хийж байгаа билээ. Судалгаагаар сүүлийн жилүүдэд бог малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн ургамалын нөхөн сэргээлт доройтож, шар шороон шуурганы эх үүсвэр нэмэгдэж байгааг тогтоосон байна. Мөн ургамалын нөөц багассанаар түлшинд хэрэглэдэг том малын баас /аргал/ ховордож, ургаа модыг түлшинд хэрэглэдэг болсон нь шар шороон шуурга үүсэх боломжийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс судалгааны багийнхан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлснээр ургаа модны хэрэглээ багасч, байгалийн нөхөн сэргээлтийг сайжруулах боломжтой хэмээн үзэж, “Шахмал түлшийг түгээн дэлгэрүүлэх” системийн сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулаад байна. Өмнө нь энэ аргачлалыг Тарагт суманд хэрэгжүүлж байсан бол энэ удаа бүх сумдаас хоёр хүн хамруулж, шахмал түлш хэрхэн хийх болон худалдан борлуулах системийг танилцуулж, мөн Тарагт суманд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг дүгнэн цаашид хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг явууллаа. Төдийлөн хэрэглэдэггүй бог малын баасыг цавуулаг сайтай үхрийн баастай хольж, нүүрсний хогтой зууран хэвэнд хатааснаар шахмал түлш  бэлэн болдог аж. Малын баас хэрэглээнээс хасагдаж, түлээ нүүрсний үнэ “тэнгэрт хадсан” энэ үед хямд төсөр аргаар чанартай түлш бэлтгэх аргыг зааж өгснөөрөө энэ сургалт ач холбогдолтой болсон юм.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж