Хамаг гишүүд харьд оджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Хамаг гишүүд харьд оджээ

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдаан ирц гүйцээгүйн улмаас гацаанд ороод байна. Түүний шалтгаан нь хамаг гишүүд харьд одсоноос болжээ. Гишүүдийн ирц яагаад хүрэхгүй болсны учрыг олохоор явсны эцэст УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас өнөөдрийн 10.00 цагт гаргасан ирцийн мэдээг олж үзлээ.

Ирцийн мэдээнд дурдсанаар УИХ-аас олгосон томилолтоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүн Р.Гончигдорж, Д.Одбаяр, Л.Тэрбишдагва нар БНЭУ, БНСВУ, гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нар БНЭУ, Р.Амаржаргал, Э.Мөнх-Очир, Х.Наранхүү нар  ОХУ, З.Алтай, Ж.Батсуурь, Г.Батхүү, Х.Бадамсүрэн, З.Энхболд нар ХБНГУ-д, гишүүн Ч.Улаан Кувейт, гишүүн Ж.Энхбаяр Вьетнам улсад ажиллаж байна.

Харин Засгийн газрын шийдвэр болон хүлээн авагч тал ба хувийн шугамаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар ОХУ, Байгаль орчны сайд Л.Гансүх Мексик, Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар, гишүн Ц.Цэнгэл нар БНХАУ-д айлчилж буй аж. Гишүүн С.Баяр өвчтэй хэмээн бүртгүүлсэн ч Эрхүүд айлчилж байгаа сурагтай. Гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт ажиллаж байгаа бол гишүүн Ц.Баярсайхан, Р.Буд, Н.Ганбямба, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир нарын бие чилээрхжээ. Ийнхүү олон гишүүн гадаадад томилолтоор явж, бас хамрын ханиад “зооглосноос” болж УИХ-ын байнгын хороодын хуралдаан тасалдахад хүрээд байна.

                                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж