Замын цагдаагийнханд авилга өгөхийг завдав

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Замын цагдаагийнханд авилга өгөхийг завдав

“Байна
уу, өө сайн уу. Хөгшөөн чухал яриатай. Нэг хятад жолооч хүн мөргөөд, бас
машин мөргөчихсөн бололтой. Тэгээд саатуулагдчихсан байсныг компани нь
өнөөдөр мэдсэн. Хүнээ гаргаж авах гээд асуудлыг хурдан шийдүүлэхийн тулд
багагүй “Ёндоо” хаях гээд байна аа. Сонгинохайрхан дүүргийн замын
цагдаагийн тасагт таньдаг хүн байна уу л гэж.…Юу гэнээ, болох байх аа,
ашгүй дээ. Гэхдээ найзаа ямар хэрэг, хэр зэрэг хөнгөн хүнд юм гэдгийг нь
мэдэж байж л “Ёондоо”-ныхоо их багыг ярья. Хэрэв хүний амь настай
холбоотой бол дэмий. Харин тийм ээ, ЗЦГ-аас л Сонгинохайрхан руу
яриулчихвал болох нь тэр л дээ. За тэгье, эргээд холбогдъё” гэх энэ
яриаг өнгөрсөн баасан гаригийн 17.20 цагт нэгэн албан газрын үүдэнд хүн
хүлээж суухдаа сонссон юм. Гадаад иргэдийн хэд гурван төгрөгт шунаж бие
биенээ эрүүл мэнд амь насаар нь золиосолдог бусармаг үйлдэл нэлээд газар
авсаар байгаа. Тэдгээрийн нэгийг ч болов таслах үүднээс уг хэргийг
нэхэн сурвалжилсан юм. Энэ ярианы цаана Замын цагдаагийн алба хаагчдад
томоохон авлига өгөхийг завдсан үйлдэл өрнөх гэж байсан юм.



Хятад иргэн хэзээ осол гаргасныг тодруулах гэтэл амралтын өдрүүд таарсан
тул чадсангүй. Ингээд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн
тасагт очиж хэргийн талаар тасгийн дарга хошууч Д.Ганхуягтай уулзаж
тодруулсан юм.


-Танайд
бүртгэлтэй байгаа хятад иргэнтэй холбоотой хэргийн талаар явна. Баасан
гаригт авсан мэдээллээр уг хэрэг 1-2 хоногийн өмнө гарсан. Хэрэг үйлдсэн
этгээд саатуулагдсан гэж байсан?

-Ямар хэрэг гэнэ ээ. Тийм хэрэг байхгүй. Аан, нэг өвөр монгол хашаа мөргөсөн хэрэг үү. Уг хэрэг хагас сайн өдөр гарсан шүү дээ.

-Би хагас сайнд гарсан хэргийг хоногийн өмнө мэдчихнэ гэж байхгүй шүү дээ?
-Харин тийм л дээ. За байз асууна аа хө. Би өдрийг нь андуураад байж магад.

-Тэгэхээр бас тийм хэрэг танай дээр байгаа юм байна, тийм үү?

Тасгийн дарга дуугарсангүй утас цохиж хэн нэгийг дуудав. Төдөлгүй Эрдэнэтуул гэж дэслэгч бүсгүй орж ирэхэд


“Хятад иргэн хүн мөргөсөн хэрэг манай дээр байгаа гэж байна. Тэр чинь
хашаа мөргөсөн гэдэг биз дээ. Энэ хүн сониноос явж байна” гэхэд дэслэгч
хариуд нь “Төмөр замын призер дээр машин мөргөсөн, машинд нь хоёр хүүхэд
байсан гээд үү. Тийм хэрэг байгаа. Гэхдээ тэр хэрэг Мөнхбат дээр
байсныг ахлагч өөрөө авчихсан” гэв. Хошууч “За явж бай” гэхэд тэрбээр
орж ирэхдээ илтгээгүй шигээ мөн л илтгэлгүй гараад явчихав.



Тасгийн дарга “Яагаад өөр дээрээ авсан юм бэ. Манай орлогчид байгаа юм
байна. За би дуудъя” гэв. Хэсэг хугацааны дараа Олон нийттэй харилцах
албаны ахлах, ахмад Д.Самбуу-Ёндон орж ирэв. Хэргийн тухай даргыгаа
танилцуулахад тэрбээр


-Ямар хэрэг, хятад аа, хэзээ гарсан гэж…

-Эрдэнэтуул дэслэгч чамайг авсан гэж хэллээ?
-За тийм хэрэг байгаа. Тэр юу гэж.

-Чи тэр хэргийг яагаад өөр дээрээ авсан юм бэ?
-Пүрэв гаригийн шөнө гарсан болохоор миний ээлжтэй өдөр байсан. Тэгээд өнөө өглөө шилжүүлж авсан юм.


Дарга орлогч хоёрын хооронд ийм яриа өрнөсөн. Тэгээд тасгийн дарга
хэрэг бүрдүүлж буй материалыг уншиж дараах мэдээлийг өгсөн юм. Ингэхдээ
ЗЦГ-ын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа
С.Энхтөрөөс зөвшөөрөл авч байсан юм.


“Хэрэг СХД-ийн XX хорооны
нутаг дэвсгэр, 10 буудлын орчимд гарсан. Жолооч саатуулагдсан биш
эрүүлжүүлэгдсэн байна. Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн
хэргийн газарт үзлэг хийсэн. Шинжээч ахмад н.Нэмэхбаатар жолоочийг
шалгагчаар үлээлгэхэд 1.57 бүхэлтэй гарсан байна” Үүнээс илүү мэдээлэл
өгч болохгүй гэж хэлэв.


-Надад хохирогчийн овог нэрийг утасны дугаартай нь өгч болох уу? гэхэд ахмад

-Зарим хүмүүс уурлаад байдаг юм. Одоо надтай уулзах гээд ирчихсэн. Та
өөрөөс нь авчих. Энэ хэрэг 216 дугаар зүйлээр эрүү үүсгэгдэх юм. Одоо
хэргийг нь бүрдүүлээд прокурорт шилжүүлчихнэ. Энэ нөхөр хэргийн газраас
зугтаагаад цаашаа айлын хашаа мөргөөд зогссон байсан.



Цагдаагийн ажилтнууд болон бидний хооронд ийм яриа өрнөсөн. Харин
байгууллагынх нь хаалгаар гарч амжаагүй байхад хэн хаанаас ирсэнийг
мэдэхийг хүсэгчид бие биенээсээ асууцгааж байсан юм.


Ингээд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хохирогч Г.Жамъянсүрэнтэй уулзаж уг хэргийн талаар тодрууллаа.

-Хэрэг хэзээ хаана болсон бэ. Ямар хохирол учирсан бэ?

-Төв аймгийн Алтанбулаг руу хүн идшинд яваад өгөөч гэж гуйсан юм.
Тэгээд гарч явтал Орбит руу явдаг төмөр замын призер дээр араас “Ланд
круйзер-80″ маркийн 92-38 УБС дугаартай машин мөргөөд 50 метр орчим
түлхэж явсан. Арай гэж зогсохоор нь буух гэтэл бүх хаалга онгойхгүй
болчихсон. Тэр үед нөгөө машин хажуугаар өнгөрөөд явсан. Сигналдаад
зогсоогүй. Зугтахдаа нэг “Аксент” маркийн машиныг шүргэчихээд явсан.
Харин тэр машины жолооч араас нь дагаад явтал намайг мөргөсөн газраасаа
300-гаад метрийн цаана “Миний дэлгүүр” сүлжээний цементэн хашаа мөргөөд
зогссон байсан. Машин байгаа газарт очтол хэн ч байгаагүй. Машинаа
онгорхой орхиод явчихсан байсан. Цагдаа дуудчихаад өөрийнхөө машин дээр
ирэхэд олон хамгаалагч, цагдаа ирчихсэн нөгөө хятадыг барьчихсан
“байсан. Тэр хүмүүсийг бас дайрах гэж хөөсөн, хоёулаа явсан нэг нь
зугтаасан гэж байсан.


-Хүүхэд, эмэгтэйчүүдийн бие нь гайгүй юу?

-Тэр үед хөдөлгөөнт эргүүлийнхэн ч ирсэн. Хэргийн газар дээр хэмжилт
хийсний дараа дулаан гражид тавьчихаад эмнэлэгт очиж үзүүлсэн. Найман
сартай, хоёр настай хүүхдүүд, хоёр эмэгтэй явсан. Одоогоор мэдэгдэх юм
алга.


-Хятад иргэний талаас та нартай холбогдсон уу?

-ТНТ гэлүү дээ Цагаан хаалганы урд байдаг ноолуур самнадаг үйлдвэрийн
ажилтан гэсэн. Гүйцэтгэх захирал нь Алтай гэж эмэгтэй байгаа. Тэднийхэн
одоо их эвгүй зан гаргаж байгаа. Эхлээд хүний амь нас, эрүүл мэнд
хохироогүй нь яамайдаа гэж байсан. Тэгснээ одоо утасдахаар загнаад л их
бардам болчихсон болохоор нь гайхаад л байгаа.


-Зовхи чинь хөхөрчихөж. Ослын үед тийм болсон уу. Шүүх эмнэлэгт үзүүлсэн үү?
-Одоо арай гайгүй болоод байгаа нь энэ. Жолооныхоо хүрдийг мөргөөд шүд хөдөлсөн, бас нүд ийм болчихсон.

-Хэрэг гурав хоногийн өмнө гарсан байсан. Түүнээс хойш өнөөдөр л ирж байгаа хэрэг үү?
-Тав дахь өдөр өдөржингөө Замын цагдаагийн тасаг дээр байсан. Өчигдөр гүйцэтгэх захирал Алтайтай нь үнэлгээний газраар явсан.

-Хэр зэрэг эвдрэл гарсан бэ. Үнэлгээ нь хэд гарсан бол?

-Миний машин авах юмгүй болчихсон. Раам нь гулзайгаад хойд хоёр дугуй
бүр гадагшаа тэлчихсэн. Үнэлгээ нь таван сая 860 мянган төгрөг болсон
гэж гүйцэтгэх захирал нь хэлж байна лээ. Эд нарын хандлага нэг л сонин
байгаа. Утсаар ярихаар загнаад л.


-Юу гэж?

-Бид ажил төрөлтэй байна. Энэ машинаараа л хоол ундаа залгуулдаг гэхээр
“Та нар явж л байхгүй юу. Ажил төрлөө хийж л байна биз гээд үл ойшоосон
байдалтай байгаа. Эхэндээ байснаасаа өөр болчихсон болохоор нь гайхаад
байгаа. 100 хувь хятад жолоочийн буруу шүү дээ. Машины араас мөргөсөн,
согтуу байсан, хэргийн газраас зугтсан гээд. Тэгтэл их л бардам байцгаах
юм.


Замын цагдаагийнханд авлига өгөхийг завдсан уг хэргийн талаар эргэн сурвалжлах болно.

С.Туул http://niigmiintoli.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж