Д.Зоригтын мэддэггүй шахааны бизнес

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Д.Зоригтын мэддэггүй шахааны бизнес

Шахааны
бизнес эрчим хүчний салбарт он удаан жил байсаар ирсэн нь тус салбарыг
элгээрээ хэвтэхэд хүргэсэн гэдэг. Гэтэл хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаан дээр салбарын сайд нь энэ мэдээллийг
няцаасан. Гэсэн ч  шахааны бизнесийг цэцэглүүлдэг гуншингаас тийм ч
амархан салчихгүй нь тодорхой. Дээрх нэр эрчим хүчний салбараас хусавч
арилахааргүй гүн толбо болон тогтжээ. Дээрх салбарт үе үеийн дарга нарын
шахааны бизнес шургалсныг мэдэхгүй хүнгүй. Шахааны бизнес энэ салбарт
байхгүй гэдэг нь худлаа. Энэн шиг худлаа зүйл үгүй. Үүний нэгэн тод
жишээ нь Өмнөговь аймаг дахь Даланзадгадын дулааны цахилгаан станц.

Өмнөговьчуудын
зүрх нь болсон дулааны цахилгаан станц юу юугүй хаалгаа барихад ойрхон
болсон тэр жил 2008 он байлаа. Аймгийн төвийнхөн станцын яндангаар утаа
гарч байвал цахилгаан ирэх нь, уур гарвал унтрах нь хэмээн ёжилдог
болсоор найман жилийг ардаа орхисон үе юм. Засгийн газраас амь тариа
хэмээн жил бүр 500 гаруй сая төгрөг төсөвлөдөг ч хаанаа ч хүрдэггүй
байсан. Харин 2009 оноос салбар яам “ТЭЦ-IV” зэрэг холбогдох газруудаас
мэргэжлийн баг томилсноос хойш тус станцын талаарх шуугиан намдаж
эхэлсэн.

Үе
үеийн дарга, сайд нарын шахааны бизнесээр бүтсэн Данланзадгадын дулааны
цахилгаан станцын түүхийг сөхье. Анх зээлийн хөрөнгөөр уг станцын
техник, эдийн засгийн үндэслэл болон барилга байгууламж, тооцоо,
судалгаа, техник технологийн төслийг Солонгосын “Хьюндай инженеринг”
компани хийж 2000 оны аравдугаар сарын 26-нд ашиглалтад оруулжээ. Гэвч
уг төслийг гүйцэтгэхдээ зөв­лөх компанигүй ажилласнаас болж зургаан
сарын дараа системд доголдол үүсч цахилгаан тасалддаг болсон байна.
Гэтэл цагт 27 тонн уур гаргах хүчин чадалтай хоёр зуух нь Хятадын “WuXi
Boiler Works” үйлдвэрийнх, гурван мВт хоёр турбогенератор нь Япон улсад
үйлдвэрлэсэн, насос нь Энэтхэгийнх байв. Мөн Солонгосын компересор
зэргээр Даланзадгадын дулааны цахилгаан станцыг босгожээ. Хамгийн
хачирхалтай нь энд тэндээс авчирч эвлүүлсэн тоног төхөөрөмжийн сэлбэгийг
дахин хаанаас ч олохгүй. Тухайн үед тэдгээрийг үйлдвэрлэсэн үйлдвэрүүд
аль хэдийн хаалгаа барьсан байв.

 Анх
баригдахдаа станцын зуухны технологи, тоног төхөөрөмжийг Тавантолгойн
5000 ккал/кг илчлэгтэй чулуун нүүрс түлэхээр тооцоолсон ч нүүрсний
дулаан гаргах чадвар 250-800 ккал/кг-аар өндөр байжээ. Тиймээс ул ширэм
нь байнга шатаж ажилчид ашиглалтад орсноос жилийн дараа л гар аргаар
үнсээ зайлуулдаг болжээ. Тэр цагаас хойш станцын гэмтлийн түүх эхлэж,
хэл ам тасраагүй. Ар араасаа гэмтэл гарах болсон шалтгааныг тодруулахаар
2004 онд  Солонгосын экспедицийг авчирсан аж. Гэтэл тэд анхнаасаа буруу
баригдсаныг хүлээн зөвшөөрсөн байна. Хэргийн учир станцыг
солонгосчуудаар бариулахдаа Засгийн газартай хийсэн гэрээнд тэдний
хүлээх  үүрэг, хариуцлагыг огт тусгаагүй байжээ.

Ийм нэгэн нотлох баримт байсаар атал “Байхгүй” гэж гүрийх нь салбараа мэддэггүй сайдын үг үү, эсвэл…

Б.МЯГМАНСАНЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж