Ачаа эргэлтийн хэмжээ 3,5 дахин өснө

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ачаа эргэлтийн хэмжээ 3,5 дахин өснө

Уул уурхайн салбарын хувьд анхаарал татсан нэг асуудал бол дэд бүтэц. Дэд бүтэц асуудалгүй болсон тохиолдолд энэ салбарын хөгжил тэр хэрээр өнгөтэй байх нь мэдээж. УИХ, Засгийн газрын зүгээс энэ тал дээр багагүй анхаарч байгаа.

УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа 1100 км төмөр зам барих бодлогын баримт бичиг баталсан. Үүний хүрээнд Тавантолгой, Цагаан суварга, Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд- Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт- Хөөт чиглэлд 140 км, Хөөт -Чойбалсан чиглэлд 150 км-т тавигдах юм. Шинээр тавих төмөр замын цариг нь 1520 мм буюу өргөн цариг байхаар төлөвлөж буй бөгөөд 1100 км төмөр зам тавьснаар Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуут, Чандгана, Тал булаг, Хөөт зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жонш зэрэг ашигт малтмалын томоохон ордуудыг бүрэн ашиглалтад оруулах боломж бүрдэх юм. Энэ ажил шийдэгдвэл төмөр замаар тээвэрлэх ачаа одоогийн нийт ачаа эргэлтээс 3.5 дахин нэмэгдэж 15 сая тоннд хүрэх юм байна.

Төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах, зам барих нөхцлийг судлах ажил эхэлсэн байна. 2011 оны гуравдугаар сард барилгын ажил эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Засгийн газраас баталсан концессын жагсаалтанд шинэ төмөр зам тавих ажил багтаад буй. Төмөр замын энэ төсөлд оролцохоор Солонгосын 28 компани консерциумын хэлбэрт орсон гэнэ.

Мөн ОХУ-тай "Дэд бүтцийн хөгжил" гэсэн хамтарсан компани байгуулаад буй. Оросын талаас энэ хамтарсан компанид 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулж төмөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж