Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Цахиур хагалагчид

Хуучин оноо үдэж, ажил амжилтаа дүгнэн салбар бүр оны шилдгээ шалгаруулж байгаа билээ. Тэгвэл спортын ертөнцөд гаргасан амжилтаа үнэлүүлж, оны шилдгүүд болох торгон мөч тохиоход ес хоног үлдлээ. Энэ удаад “Бөртэ чоно” наадмын “Оны шилдэг залуу тамирчин” номинацид нэр дэвшиж буй дөрвөн тамирчныг танилцуулж байна.

Ганбатын Эрдэнэболд

Гимнастикийн спорт манай улсад хөгжиж эхэлсний тод жишээг залуу тамирчин Г.Эрдэнэболд харуулсан. Тэрээр Сингапур улсад болон хүүхдийн анхдугаар олимпод спорт гимнастикийн төрлөөр оролцож аваргын алтан медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Энэ бол яах аргаүй 2010 оны онцлох үйл явдлуудын нэг байлаа. Гимнастикийн спортын түүхэнд анх удаа олимпийн аварга төрсөн нь энэ. Түүнийг олимпийн аварга боллоо гэхэд гадаадын мэргэжилтнүүд гайхахдаа “Монголд гимнастик ийм өндөр төвшинд хөгжсөн байна гэж бодсонгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай болжээ” хэмээн сонин хэвлэлээр ярилцлага өгч байсан юм. Тэрээр мөн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, олон улсын тэмцээнээс хошой алтан медаль авсан амжилтаараа “Бөртэ чоно-2010” наадмын “шилдэг залуу тамирчин” номинацид нэр дэвшиж байна. Саяхан Азийн олимпод тэрээр амжилттай оролцсон юм. Түүнийг Лондоны олимпод энэ амжилтаа бататгана гэдэгт спорт сонирхогчид найдаж байна.

Баатарзоригийн Батцэцэг

Сингапурын дэвжээнд урамтай сайхан барилдаан үзүүлж, олимпийн анхны эмэгтэй аварга болсон тэрээр энэхүү амжилтаараа “Бөртэ чоно-2010”-д нэр дэвшлээ. Түүний гаргасан амжилт чөлөөт бөхийн түүхэнд тодоор бичигдэх учиртай. Олимпийн эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр Сингапур явах “тийз”-ээ халаасалсан түүнийг аварга болно гэж тухайн үед хэн ч санаагүй нь лав. Ямар ч байсан медаль өвөртлөөд ирээсэй гэсэн битүүхэн горидлого манайханд байсан нь үнэн. Тэрээр тамирчны үүргээ 100 хувь давуулан биелүүлж, Монгол Улсын төрийн дууллыг Сингапурын тэнгэрт хамгийн түрүүнд эгшиглүүлсэн юм.

Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ

Нэг жилд хоёр том амжилт гаргасан аравхан настай шатарчин охин “Бөртэ чоно”-д нэр дэвшиж байна. Өмнө нь ийм жаахан охин энэ наадамд нэр дэвшиж байсан удаа үгүй билээ. Тэрээр өсвөрийн шатарчдын Азийн аваргад түрүүлж, улмаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд илт давуу тэргүүлэв. Ингэснээрээ нэг жилд хоёр удаа аварга болсон гэх ховор амжилтыг тогтоосон билээ. Түүний гаргасан энэ амжилт монголдоо анхных бөгөөд “Бөртэ чоно” наадмын “оны шилдэг залуу тамирчин” номинацид нэр дэвшихэд хангалттай үзүүлэлт юм. Наснаасаа ахадсан амжилт гаргасан түүнийг оны шилдэг тамирчин боллоо гэхэд гайхах зүйлгүй биз.

Алтан-Өлзийн Энхтуул

Шатрын спортынхон энэ оныг гайхалтай амжилтаар үдэж байгаа билээ. Тэдний нэг нь сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул юм. Тэрээр энэхүү амжилтаараа “Бөртэ чоно”-д анх удаа нэр дэвшиж байна. А.Энхтуул саяхан Азийн наадамд оюун ухаанаа уралдуулсан бөгөөд ирээдүйд цахиур хагалах Монголын залуу шатарчин юм.

С.Мөнхзул. Зохиогчийн эрх:
 “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж