Сэм Аллардайс ажлаасаа халагдав

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Сэм Аллардайс ажлаасаа халагдав

“Блэкбурн Руверс” клубын дасгалжуулагч Сам Аллардайс энэ улиралд ажлаасаа халагдсан Премьер лигийн хоёр дахь дасгалжуулагч боллоо. Ердөө долоо хоногийн өмнө тус лигийн “Ньюкастл” клубын босс Крис Хьютон ажлаасаа чөлөөлөгдсөн бол одоо Аллардайс ажилгүй болж байна. “Блэкбурн” клубын шинэ эзэд болох Энэтхэгийн “The Venky’s Group” багаа шинэчлэх эхний алхам болгож, дасгалжуулагчаа солихоор шийджээ. Энэ талаар клубын албан ёсны вэбсайтад “Менежер Сэм Аллардайс болон түүний туслахаар ажиллаж байсан Нейл МакДоналд нар багаас явж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Харин түр хугацаанд Стив Кин түүний албан үүргийг орлох болно. Клубын цаашдын ирээдүй болоод өргөжүүлж, шинэчлэх төлөвлөгөөний хүрээнд бид дээрх шийдвэрт хүрсэн. Ноён Аллардайсын зүтгэлд талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Харин Аллардайс “Блэкбурныг гэнэт орхиж байгаадаа харамсч байна. Тус багийг дасгалжуулж байсан нь бахархалтай хэрэг. Би багийн тоглогчид, бусад ажилчид болоод фанатуудтай сайн харилцаатай байсан. Багийн ирээдүйд гялалзсан амжилт хүсье” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж