Гишүүдтэйгээ байнга хамтарч ажилладаг

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Гишүүдтэйгээ байнга хамтарч ажилладаг

Эдүгээ шийдвэр гаргах төвшинд ажиллаж байсан хүмүүс энэ он цагтайгаа л түүхэнд үлдэнэ. Тиймээс ч тэдний алдаа, оноо зөв бурууг хамгийн үнэнчээр шүүх нь цаг хугацаа  байж таарна. Ард түмнийг, энгийнээр хэлвэл хүмүүсийг төлөөлж шийд гаргадаг учир шийдвэр гаргагчид анхаарлын төвд байдаг. Өнөөдрийн манай нийгмийн хамгийн сонирхолтой, хувийн болоод албаны аль ч талаасаа анхааралд өртөх хүний нэгэнд энэ хүн зүй ёсоор орно. Яагаад гэвэл түүхийн энэ  хугацаанд Монгол улсын нэгэн аймгийг засаглах эрх түүнд оногдсон. Ная гаруй мянган хүн амьдран суудаг, Баянхонгор аймгийн Засаг дарга Дагвадоогийн Амарсанаатай ярилцлага хийх шалтгаан маань ч тэндээс үүдэлтэй. Товчхондоо бол олон асуултад хариу авмаар, хэвлэлийнхний хувьд сонирхолтой фигур юм.
      
–Удахгүй шинэ он гарах гэж байна. Нэг жилийн хугацаанд юу хийж амжуулав, ямар үр дүн гарсан гэдгээ дүгнэх үе. Тэгэхээр улирч буй 2010 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар товч яривал…?

– Засаг даргын албанд томилогдоод хоёр жил гаруй болж байна.  Өнгөрсөн хоёр жилд орон сууц, хүнсний үнийн өсөлттэй зэрэгцэн дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үе таарлаа. Энэ хямралыг хохирол багатай давах сорилт тулгарсан цаг хугацаа байсан. Гэхдээ аймаг орон нутгийн хувьд өнгөрсөн хугацаанд мэдээж олон л ажил хийгдлээ. Зарим ажлыг иргэд өөрсдөө харж байгаа байхаа. Намар манай аймагт Монголын үндэсний телевизийн хамт олон ирж, Баянхонгорын тухай нэвтрүүлгүүд бүтэн нэг өдрийн турш дамжуулагдсан. Энэ нэвтрүүлгээс аймаг орон нутагт хийгдсэн ажлуудын тухай зарим мэдээлийг хүмүүс авсан байх л даа. Тоочиж, нуршсан олон зүйл ярих нь илүүц болов уу. Миний анхаарлын төвд иргэдийн ажилгүйдэл, ядуурлын асуудал байнга байдаг. Иргэдээ байнгын орлоготой болгох, хүүхэд залуусаа эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг бие бялдартай, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай хүн болгон төлөвшүүлэхийн төлөө, төрийн албан хаагчдыг эрхэлсэн ажлаа бүрэн мэддэг, ажилдаа хариуцлагатай ханддаг, хариуцлага хүлээдэг чадвартай богохын төлөө зорьж ажиллаж байна. Мөн иргэдийн гар дээр байгаа хэрнээ ашиглаж чадахгүй байгаа мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж төсвөөс гадуур эх үүсвэрүүдийг ашиглахыг зорьж байна.

-Гэхдээ энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? Иргэдийн амьдралд яаж тусгалаа олж байгаа вэ?

– Жишээ нь, өнөөдөр Баянхонгор аймагт нэг өрөө байр 20 орчим сая төгрөгийн үнэтэй. Үүнийг иргэдэд ямар арга замаар өгч мөнгийг эргэлтэд оруулах вэ гэдгийг бодох л асуудал. Гэр хүссэн иргэд олон байдаг. Гэхдээ үүний оронд хүмүүсийн амьдралыг цогцоор нь хөгжүүлэх бодлого барьж ажиллана. Гэр өглөө гэхэд өнөө гэрээ тойруулаад хатгах хашаа, дотор нь тавих зуух яндан, түлэх түлээ энэ бүхнийг зохицуулах мөнгө төгрөг нь хаана байгаа юм бэ?  Тийм ч учраас бид цогцоор нь орон сууцны хороолол барихыг илүүд үзэж байгаа. Бэрхшээлтэй асуудлыг нь шийдээд өгөхөөр тухайн иргэн олж байгаа орлогоо зөвхөн амьдралдаа зохицуулах эсвэл зээлээ төлөхийн төлөө ажиллах нь зах зээлийн жамаараа явчихна шүү дээ. Тиймээс ч бид орон сууцны хороолол байгуулах зорилго тавьсан. Төвд амьдрах хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс ч алсыг харахыг хичээж мянган айлын орон сууц бий болгох том ажил санаачилсан юм л даа. Ингээд “Хонгор 1000” орон сууцны хороололын зураг төлөвлөгөөг урьдчилсан байдлаар тооцоолж гаргасан. Хөх толгойн дөрөвдүгээр сургуулийн орчим байгуулах нь тохиромжтой гэж мэргэжлийн байгууллагынхан төлөвлөөд байгаа. Гэхдээ үүнд тэрбум гаруй төгрөг шаардагатай тооцоолол гарч байна. Хувийн хөрөнө оруулагчдаа төр дэмжих замаар л хэрэгжүүлнэ дээ. Эхний ээлжийн 36 айлын орон сууцны барилгын ажил эхэлчихсэн байгаа. Ирэх онд ашиглалтад оруулна. Нэг ам бүлд тав зургаан хүн байдаг гэж үзэхээр 200 гаруй хүний амьдралыг цогцоор нь сайжруулна  гэсэн үг. Түлээ нүүрс авах шаардлага байхгүй цахилгаан дулааны үнээ төлөөд л явахад болно. Ингээд капитал барилгууд бариад, газрыг эргэлтэнд оруулаад ирэхээр банкууд ч гэсэн зээл өгөх сонирхолтой болж байна. 10-15 жилийн хугацаанд сардаа зуу гаруй мянган төгрөг төлөөд байх юм бол өөрийн гэсэн орон сууцтай болчих юм.

  – Аймгийн хөгжлөөс гадна хүнээ хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа юу?

-“Мэдээж тэгэлгүй яахав. Нэг томоохон зорилго бол хувь хүний хөгжлийг дэмжих. Ингэж чадах юм бол өрх, гэр хөгжинө. Өрх гэрийг дэмжих юм бол баг хот айлаараа, хот айлыг нь дэмжээд өгөх юм бол сумын бас аймгийн хөгжил, цаашлаад улс орны хөгжилд тус дэм болно. Гэхдээ аймгийн хэмжээнд хийсэн томоохон ажлаас нэр дурьдвал хотын доторх гудамж талбайн гэрэлтүүлэг, орон сууцны шинэ хороолол байгуулах эхлэл тавигдсан, цэцэрлэг, сургуулиуд шинээр нэмэгдсэн гээд олон ажлууд байна. Товчхондоо бол нийгэм,  эдийн засгийн бүхий л салбарт тавьсан зорилтууд амжилттай хэрэгжиж байгаа.

-Ирэх оны төсөв батлагдаж байгаа үеэр ярилцаж байгаа болохоор энэ жилийн төсвийн хувьд та ямар бодолтой байгааг асуумаар байна. Ер нь Баянхонгор аймгийн хувьд хувиарлагдсан төсөв маань төлөвлөсөн ажлуудад тань хүрэлцэх болов уу?

-Одоогоор аймгийн төсөв эцэслэн батлагдаагүй байна. Тиймээс энэ талаар тодорхой хэлэх боломжгүй л дээ. Гэхдээ ирж байгаа  2011 онд ойролцоогоор 11 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэж тооцож байгаа. Халдвартын эмнэлгийн шинэ барилга, мэргэжлийн хяналтын байгууллагын шинэ барилга, улсын бүртгэлийн газрын шинэ барилгууд баригдаж эхэлнэ. Эдгээр байгууллагууд цөм л өөрийн гэсэн байр байхгүй байгаа. Зам тээвэр, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л төвшинд ажил хийгдэнэ. Төсөв хүрэлцэх эсэх гэдэг нь харьцангуй ойлголт л доо. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх  гэж нэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр төсөвт өгсөн саналууд батлагдаад ирээсэй гэж л найдаж байна. Нэгэнт орон нутагт санхүүгийн эрх мэдэл бага учир бид шаардлагатай хөрөнгө оруулалтуудынхаа саналыг оруулж, тусгуулахад их анхаарч байгаа.

-Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүдтэйгээ хөгжлийн төлөө хийх ажил, асуудлууд дээр хэр ойлголцож чадаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Ер нь бол бид зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай. Гишүүд маань энэ орон нутгаас хууль тогтоох дээд төвшинд сонгогдсон биднийг төлөөлж байгаа субъект юм. Гэхдээ их хурал хууль тогтоох байгууллага, харин засаглал бол ондоо л доо.

-Гишүүдийн жагсаасан тэрбумын задаргаанд аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудал хэр багтсан байгаа вэ?

– Бид хамтран ажиллах чиглэлээр тал талаасаа санал солилцдог. 2011 оны гишүүдийн нэг тэрбумын задаргаанд аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг оруулъя гэж ярилцсан. Ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчин, уул уурхай,зам, барилга, хадлан тэжээл бэлдэх чиглэлээр бидний санал нэгдэж, тусгагдсан байгаа.

-Та бол хөдөөний хүн, Хонгорын хүн. Энэ ч утгаараа нутгийнхаа төлөө элэгтэй явдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ, орон нутагт засаглахад бэрхшээлтэй юм шиг. Засаг захиргааны, төсвийн, эдийн засгийн эрх мэдэл хаалттай байдаг ш дээ. Орон нутагт эрхийг нь өгөөгүй байж  үүргийг нь шаардахыг цөөнгүй аймгийн Засаг дарга нар шүүмжилж байгаа. Та тэдний нэг үү?

–  Өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомжоор аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хамааралгүй ажил, салбар гэж байдаггүй л дээ.Гэтэл орон нутаг дахь эрх мэдэл үнэхээр хязгаарлагдмал байгаа. Эхэлж өгчихөөд, нэг нэгээр нь сугалаад авчихаж байна. Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийг гэхэд иргэний бүртгэлийн ерөнхий газраас томилж байна. Сумын татварын байцаагчийг хүртэл татварын ерөнхий газар томилох жишээтэй. Ийм тохиолдолд Засаг дарга нарт өөрийн бодлогоо иж бүрнээр нь хэрэгжүүлэх боломж байхгүй болчих юм. Мөн төсвийн тал дээр ч гэсэн шүүмжлэлтэй зүйл их байна. Хуулиараа төсөв захирагч Засаг дарга  нар байсаар байтал сумын сургуулийн бөхийн дэвсгэр ч гэдэг юмуу төвөөс нэр заагаад баталчихдаг. УИХ-ын гишүүд оруулчихдаг л даа. Одоогийн байдлаар бол. Гэтэл ард иргэдээс энэ л сайн юм хийнэ гэж сонгогдсон сумын хурлын төлөөлөгч, аймгийн хурлын төлөөлөгчдийн эрх мэдлийг дээрээ ингээд булаачихаар тэднийг хэн ч биш болгоод хаячихаж байгаа юм. Гэхдээ, орон нутагт эрхийг нь өгөх асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байгаа.

– Баянхонгор аймгийн хувьд харилцаа, дэд бүтцийн хөгжил ямар байгаа гэж та хэлэх вэ?

– Өнөөдрийн түвшинд авч үзэхэд манай аймгийн дэд бүтэц харьцангуй сайн болсон. Нэг хэсэг үнэхээр хүнд байсан л даа гэрэл цахилгаан байхгүй зам муу, холбоо харилцаа тааруу байсан. Тодорхой хугацааны өмнөх үеэ нэг эргэцүүлж харвал санал нийлэх байх л даа. Харин өнөөдөр аймгийн төв байнгын цахилгаан эрчим хүчтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байгаа говийн гурван сумаас бусад нь цахилгааны найдвартай эх үүсвэртэй буюу төвийн шугаманд цахилгаан эрчим хүчээр холбогдоод байна. Үүрэн холбооны бүх оператор ажиллаж байна.  Түүнчлэн Баянхонгор-Улаанбаатарын хоорондох замыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байгаа. Аймгийн төв цэвэр бохир усны шугаманд холбогдсон, ирэх 2011-2012 онд цэвэр бохир усны шугамыг өргөтгөх болсон. Энэ өргөтгөх төсөл хоёр тэрбум гаруй төгрөгөөр хийгдэх юм. Манай аймгийн хувьд байгалийн алт, зэс болон нүүрсний  их хэмжээний нөөцтэй. Нүүрсээ ашиглаж цахилгаан станцтай ч болж болох юм. Тэндээс гарсан хямд эрчим хүчээрээ дунд хэмжээний үйлдвэрүүдийг хангаж болно. Тэгэхээр ажилгүйдэл ядуурлаас үйлдвэр байгуулж, нэмүү өртгөө нэмэгдүүлж гарах боломж байгаа учир энэ тал  дээр бодлогын ажил хийгдээд явж байна.

-Та засаг даргын албыг аваад гол салбаруудыг цохож өөрийн бодлого зорилтоо тодорхойлсон. Хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалыг хөгжлийн тулгуураар нэрлэсэн. Уул уурхайг “хөгжүүлэх”-ийн эсрэг хүн ч байх юм, харин зарим нэг нь аялал жуулчлал хөгжихгүй ээ л гэх юм. Яагаад энэ гурван салбарыг тулгуур баганаар тооцож байгаа юм бэ?

– Манай аймгийн төдийгүй улс орны хэмжээгээр тулгамдсан асуудал бол ажилгүйдэл, ядуурал байна. Ардчилалын  20 жилийн хугацаанд алдсан том зүйл нь үйлдвэрүүдийн хаалгыг барьж, аж ахуйн тооцоон дээр явж байсан нэгдлүүдийг хаасан явдал орж болох юм. Өнөөдрийн олон ажилгүй хүнийг харахад ингэж бодогддог. Ажилгүй, орлогогүй  хүн ядуу болж, ядуурал үүсэж байна. Энэ бол нийгмийн асуудал л даа. Ядуурлаас нэг сар юмуу, нэг жилийн хугацаанд гарчихгүй. Зөв бодлого хэрэгжүүлж байж тодорхой хугацаанд үр дүн гарна шүү дээ. Миний яриад байгаа хариуцлагатай уул уурхай, байгальд халгүй аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын эрчимжүүлэлт гээд гурван том бодлогын зорилтууд нь цаанаа дандаа иргэдийг ажилтай болгох орлоготой болгох агуулга юм. Бид уул уурхайг хөгжүүлж байж мөнгөтэй орлоготой болно.Уул уурхайн салбарт  боловсролтой монгол хүн ажиллана. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлнэ гэж олон жил ярилаа. УИХ- аар” Монгол мал “ гээд том хөтөлбөр батлагдаад байна. Хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэхгүйгээр, мал аж ахуйгаа газар тариалантай хослохгүйгээр цаашаа явахад хэцүү болсон. Аялал жуулчлал Монгол оронд тэр дотроо Баянхонгор аймагт хөгжих боломжтой. Үнэндээ бол энэ салбарт маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй л дээ. Энэ хөрөнгийг хувийн хэвшил, төр, иргэд, гадна дотны хөрөнгө оруулагчдаас  босгох хэрэгтэй байна. Аялал жуулчлал бол байгальд халгүй томоохон үйлдвэрлэл явагдах салбар, маш олон хүнийг ажилтай болгох, орлоготой болгох, хөрөнгө оруулалтыг татах нэг нөхцөл боломж юм. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Шаргалжуут рашаан сувилал болон говь хангайн үзэсгэлэнт газраа түшиглэсэн аялал жуулчлалын томоохон бүсийг ойрын хугацаанд бүтээж бий болгохоор зорьж байна. 

-Танай аймагт хамгийн гол тулгамдсан асуудал ажилгүйдэл гэж та ярилаа. Таны ярианаас бодлого бүхний цаана ажлын байр бий болгох тухай, нэмэгдүүлэх боломжуудын талаар хөндөж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ирэх он хүртэл хоёр мянгаад ажлын байр бий болгох боломж бүхий хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ?

– 2010 оны нэгдүгээр улиралд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын томоохон  бичиг баримтыг боловсруулж батласан. Ажлын байрыг бий болгохоор ажиллаж байна, энэ процесс байнга явагдаж байна. Гэхдээ нэг бэрхшээл гарч ирж байна л даа. Үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүн алга байна. Нягтлан бодогч, хуульч, багш мэргэжлээр бэлтгэгдсэн залуучууд маш олон байх юм. Гэтэл үйлдвэрлэлийн салбарт ажиллах инженер, техникийн ажилтнууд маш ховор. Барилгын, замын инженер алга байна үндсэндээ үйлдвэрлэлийн салбарын инженерүүд бэлтгэгдээгүй байгаа нь харагдаж байна. Эрэлт ихтэй эзгүйдсэн энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх орон зай гарчихаж. Бодлогоор улс орны хэмжээнд энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд захиалга өгч байна.Жишээ дурьдахад, ойрын үед Таван толгой, Оюутолгойд манай аймгаас ажилчид элсүүлэхээр болж, орон нутгийн телевиз, сониноор зарлаж байна. Гэхдээ шаардлага хангах ажилчид ховор байгааг бүртгэгчид хэлж байна л даа. Тэгэхээр цаашдаа бид мэргэжилтэй ажилчин, үйлдвэрлэлийн салбарт ажиллах инженерүүдийг бэлдэж байж залуучуудаа ажилтай болгож чадна. Энэ бол бодлогын том асуудал. Мэдээж шинэ ажлын байр нэмэх, хуучин ажлын байрыг хадгалах тухай яригдах ёстой. Бид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд багагүй анхаарч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжийг дэмжээд хоёр тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Энэ бол бага мөнгө биш. Ажил хийгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ  зах зээл дээр борлуулж чаддаг ийм л үйлдвэрлэлийг бий болгох ёстой. Ингэж ажиллаж чадах аж ахуйн нэгж иргэдийг байнга дэмжинэ.

-Баянхонгорын “Оюутолгой” гэж нэрлэж болох Шинэжинст сумын Зуун мод дахь зэс молибдений ордын тухай асуумаар байна. Канадууд хайгуулын лицензээ ашиглалтынх болгохоор аймгийн Иргэдийн хуралд хандсан. Тэнд үнэхээр юм байгаа болоод л тэд ашиглах эрх хүсэх нь мэдээж. Томоохон юмны үнэр авсан хүмүүс шиг байна лээ. Тэгээд л нийгмийн хариуцлагатай уул уурхай энэ тэр гээд гоё пиар хийгээд байгаа. Нэгэнт орон нутаг өөрөө ашиглах мөнгө, техник байхгүйгээс хойш ашиглуулах нь зүйтэй байх л даа. Гэхдээ бидэнд ашигтай байх ямар хувилбар байнаа. Том ашгийн тухай л яримаар байна. Багийн төв барих, найр наадам ойд хандивлагдах мөнгө энэ тэрт хууртахгүйгээр?

– Өнөөдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын хуулиар монголын нутаг дэвсгэрт байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниудтай тодорхой хувиар тохиролцож ажиллах ёстой гэж би ойлгож байна. Манай аймгийн хувьд уул уурхайн асуудал маш их яригддаг. Газрын лицензүүд асар ихээр олгогдсон. Эндээс гарах нэмүү өртгийг ард түмэндээ өгмөөр байна. Нийтдээ ашиглалт хайгуулын 260-аад лицензтэй газар байна. Эдгээр газрын эрх бүхий хүмүүстэй бид ширээний ард суугаад уулздаг. “Асар их баялагтай газрын эзэмшигч нь хувь заяагаар та бүхэн болжээ. Гэхдээ та бүхэн зөвхөн ашгаа аваад байх биш энэ газрын эзэн болсон олон түмэнд хандсан бүтээлч ажил хийгээчээ, байгаль дэлхийгээс авахаа авсан бол нөхөн сэргээлтээ сайн хийх хэрэгтэй” гэдгийг байнга ярьж байна. Мэдээж,аймгийн хувьд төр захиргааны байгууллагаас мөнгө гаргаад Шинэжинст сумын ордод хөрөнгө оруулалт шууд хийх тийм боломж байхгүй. Гэхдээ 2008 оноос хийж байгаа нэг ажил бол аймгийн хэмжээнд хайгуул ашиглалтын лиценз эзэмшиж байгаа бүх компаниудтай байгуулж байгаа гэрээг өөрчилсөн. Аймгийн хэмжээний ашигт малтмалын стратегийн орд илэрвэл тухайн ордыг ашиглахад хувь хэмжээг аймагтай тохирно гэсэн зарчмыг гэрээнд тусгаж байгаа. Зөвхөн Шинэжинст ч биш Баянговь сумд зэс молибдений томоохон орд байгаа шүү дээ. Хэрвээ Шинэжинстэд томоохон үйлдвэрлэл явагдвал  тухайн компанитай ярьж, ашиг тохирно. Бид компаниудын хувьцаанаас хөрөнгийн биржээр дамжуулж ард иргэддээ хувь эзэмшүүлэх замаар ашиг хүртэх боломжийг судалж байна. Аймгийн нутаг дэвсгэрт байгаа ашиглалтын ордууд, аялал жуулчлалын салбарын компаниудаас ард иргэд маань хувьцаа эзэмшдэг болох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.  

-Өнөөдөр мөнгө байхгүйгээс олон гацаанд орж байна. Мах боловсруулах сайхан үйлдвэр ч юмуу хэдэн сайхан боловсруулах үйлдвэр байгуулаад хүмүүсээ ажилтай болгох, аймгийн төвдөө жуулчид, ирж буцсан хүний өмнө нүүр улайхааргүй орчин үеийн тав зургаан давхар зочид буудал, үйлчилгээний цогцолбортой болох зэргээр орон нутгийг хөгжүүлэх боломжууд бий юу?

– 2008 оноос аймгийн төвд мах боловсруулах, ноос ноолуурын, сүүний үйлдвэрүүдийг байгуулахаар зорьж байгаа ч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад бий болчихсон үйлдвэр өнөөдөр хараахан алга байна. Гэхдээ 2010 онд махны хоёр үйлдвэр барихаар эхлэл тавигдсан. Бид 2011 онд багтааж, махны хоёр үйлдвэрийг барьж байгуулна. Ноос ноолуур угаах  үйлдвэр баригдана. Зургаа, долоон давхар зочид буудал үйлчилгээний төвийн цогцолбор байгуулагдана. Мэдээж хөрөнгө мөнгөний хувьд хувийн хэвшлийн оролцоо, төрийн байгууллагын дэмжлэгээр шийдэгдэнэ. Цаашдаа бол ер нь бүх ажил үйлчилгээг төр, захиргаа хариуцна гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй болж байна л даа. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд төр хувийн хэвшлээ дэмжих хэлбэр нь мөнгөний урсгал, санхүүгийн зохицуулалтыг хийдэг. Аливаа ажилд төр юм л бол оролцохгүй байх нь чухал. Харин хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зарчмаар хамтарч ажиллах ёстой. Үүний үрээр улс, аймаг хөгжих үр дүн л гарсан байх ёстой юм.  

-Та засаглах албаа аваад л хариуцлагын тухай ярьсан, удирдах ажилтнуудын хариуцлага ярьж хуралдсан. Хариуцлагагүй байвал хатуу ярина гээд л. Манай дарга нарт таатай санагдаагүй байх. Гэхдээ хэн нэгэнтэй айхтар хатуу хариуцлага тооцсонгүй. Энэ талаар?

– Аливаа байгууллага, салбарыг авч явж байгаа хүний хувьд хариуцлага гэдэг маш чухал юм. Ажил сайн байх үр дүн хариуцлагатай салшгүй холбоотой. Ялангуяа удирдах ажилтнуудын хувьд хувийн манлайлал, хувийн сахилга бат, ажлын зохион байгуулалт, төр нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж байна. Нөгөө талдаа ажилд томилж байгаа хүний өмнө хүлээх хариуцлага гэж байна. Манай аймгийн хувьд хариуцлагын тогтолцоо нилээн суларсан байна гэдэг үүднээс би хариуцлагын тухай ярьж эхэлсэн юм. Гэхдээ хариуцлага ярихдаа нэг хүнийг заавал ажлаас чөлөөлөх нь гол асуудал биш, хариуцлага ярьж байгаа миний хувьд тухайн хүний ажлыг сайжруулах, ажлыг нь сайн хийлгэхэд л оршиж байна. Тухайн хүнийг хамт олны өмнө, нийгмийн өмнө төрийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж ажилладаг байлгах нь чухал байна л даа. Зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж өөрчилсөн, шатлалын дагуу арга хэмжээ авсан тохиолдлууд байгаа. Төрийн албаны хуулиар сануулах, цалингаасаа тодорхой хугацаа, хувиар хасах зэрэг арга хэмжээ авагдсан албан тушаалтнууд байгаа. Цаашдаа ч хариуцлагын тухай ярьж байгаа энэ асуудал байнга  анхаарлын төвд байх болно. 

-Бас гавьяаны амралтаа эдлэх эрх нь үүссэн ч ажлаа хийсээр байгаа хүмүүсийг залууст байраа тавьж орхиод, эрх зүйн үүднээс тэтгэвэрт суулгах талаар зоригтой  дуугарсан. Энэ ч олон хүний дургүйг хүргэсэн л дээ. Уг нь буруу биш, гэхдээ нэг л ахицгүй. Юунаас болоод вэ?

–  Ахиц муутай гэж хэлж болохгүй л дээ. Харин ч сайн явж байгаа ажил. Гэхдээ дургүйцэх хүмүүс ч байсан. Ямар ч шинэ юм эсэргүүцэлтэй тулгардаг. Үнэхээр ажил ойлгодог, миний ажлын байранд шинэ хүмүүс ажиллах ёстой гэдгийг  ухамсарлаж байгаа олон хүн талархан хүлээн авч байгаа. Баянхонгор аймгийн хэмжээнд сургууль төгсөөд ирсэн олон зуун ажилгүй залуучууд байна. Гэтэл хэдэн арван хүн тэтгэвэрийн нас нь болчихсон, тэтгэвэрт гарахад төрөөс олгодог тэтгэмжээ авчихсан хэр нь төрөөс цалингаа авч ажлын байраа чөлөөлөхгүй байгаа  нь шударга биш байсан. Энэ хүмүүсийг тэтгэвэртээ албан ёсоор гараач ээ, таны оронд таны үр хүүхдүүдтэй адилхан залуучуудыг ажил эрхлүүлье гэсэн ийм л энгийн, хуулийн хүрээн дэх шаардлагыг тавьсан юм. Залуучуудыг ажил эрхлүүлэх, сургаж дадлагажуулж авах хэрэгцээ их байна. Энд нэг юмыг хэлэхэд одоо манай улсын хувьд хүн амын цонх үе нээгдчихээд байгаа үе. Энгийнээр бол хөдөлмөрийн насны залуучуудын тоо олонх нь болсон гэсэн үг юм. Энэ хөшүүргийг бид зөв ашиглах ёстой гэдгийг улс орны хэмжээнд ярьж байна, залуучуудаар ажил эрхлүүлэх нь зүйтэй байхаа. Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн хувьд нийгмийн даатгалын тэтгэвэрээ аваад амьдрах боломж бий, үүнийг хаа хаанаа зөв ойлгох ёстой юм.

– Дөрөвдүгээр сургууль, шинэ цэцэрлэг, шинэ орон сууцууд, авто зам болон явган хүний зам, номын өргөөний барилга гээд бүтээн байгуулалтын үрээр бидний үр хүүхэд сурах сургуультай, хүүхдийн нэрээр овоглодог газрууд сайхан байртай нэг дээвэр дор  үйл ажлаа явуулж байна. Ойрын жилд аймгийн хөгжилд түлхэц болох бүтээн байгуулалт юу байна вэ?

– Монгол орон цөөхөн хүн амтай. Монгол орны онцлог ийм, Баянхонгорын онцлог ч яг л адилхан.  Хөгжилд хүрэх том хүчин зүйл бол бид олуулаа болох ёстой л доо, дээр нь бид эвтэй байх хэрэгтэй. Эдийн засгийн агуулгаар ярихад сургууль, эмнэлэг гээд байшин барилгууд шинээр нэмэгдэж байна. Хуучин эхэлсэн барилгуудаа дуусгаж ашиглалтад авлаа. Хөх толгойн дөрөвдүгээр сургуулийн дэргэдэх олон жил болсон хүүхдийн цэцэрлэгийн барилгыг  2011 онд дуусгана. Сумдад соёлын төв, сургуулийн гээд цөөнгүй барилга байгууламж нэмэгдэх болно.  Эдгээрээс онцлоход, аймгийн төвд байгуулах “Бизнес инкубатор” төвийг ашиглалтад оруулчихвал ЖДҮ-ийг хөгжүүлэхэд түлхэц болох юм. Одоогоор УИХ-ын гишүүдтэй ярилцаж, санал нэгдээд байгаа энэ төвийг ажил болгоход их хүч тавих болно. Энэ төв нь үйлдвэрлэл, сургалтын орчин нэг дор байх ашигтай талтай юм. Жишээлэхэд, гэрээрээ оёдол хийдэг хүмүүс сайн дураараа хоршоо болж нэгдээд, дээрх төвдөө сургалтад хамрагдан үйлдвэрлэлээ давхар явуулах ийм нөхцөл бүрдэх юм. Цех нь дэргэдээ. Ямар ч байсан 2011 онд бий болгохоор ажиллана.

-Ламын гэгээний ой, ноднингийн даншгаар Хонгор нутгийнхан сайхан наадсан. Нэр дор аймагт багагүй ажлууд хийгдсэн. Энэ бол түүхэнд тэмдэглэгдсэн өдрүүд. Нүүр улайхааргүй наадаж, ойгоо тэмдэглэ гэж улс төсөв өгөөгүй байх. Мөнгө яаж босгов доо?

– Ламын гэгээнтний 370 жилийн ойг 2009 онд ард түмнийхээ дэмжлэгтэйгээр өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн. Тэр ч утгаараа Ламын гэгээний есдүгээр дүр тодорход нөлөөлсөн гэж бодож байна. Ойг тэмдэглэхдээ ард иргэд, хувийн аж ахуйн нэгжүүдийн хандиваар тэмдэглэсэн. Нэг сонин зүйл гэвэл Ламын гэгээний ойг тэмдэглэхэд цугларсан мөнгө нь их ч биш бага ч биш 370 сая төгрөг болсон. Бас нэг тохиолдол нь тоо заагаагүй хэдий ч бүртгүүлж уралдсан азарганы тоо 370 болсон. Үүнд их билэгшээж боддог л доо. Одоо Ламын гэгээнтэн маань Энэтхэг улсад шашны чиглэлээр шавилан сурч байна. Бүтэн жил үзэх номоо хагас жилд үзэж дуусаад дараагийн номоо үзэж, сайн сурч байгаа тухай сайхан мэдээ дуулдаж байна. Энэтхэгт гэгээнтнээс гадна Баянхонгорын арваад хүүхэд сурдаг, тэд маань ч гэсэн сайн сурч байгаа гэсэн. Нийт ард иргэд, нутаг орноо төлөөлөн тэдэнтэй холбогдож байдаг юм. Тэд маань ч гэсэн нутаг орны сайн сайхан, ард иргэдийнхээ төлөө буян ном их хурдаг тухайгаа уламжилдаг.

-Өнгөрөгч өвөл, хавар Монгол даяар хүнд байлаа. Зуд яриагүй хүн байсангүй, хоттой хэдээ тавиад туучихаа алдлаа шүү. Гэхдээ Говь-Алтай, Өвөрхангай, Завханыг бодоход манай аймаг харьцангуй хорогдол багатай давж чадлаа. Гэгээнтний нөөлөг, тэнгэр хангай бидэнд айхтар хатуурхаагүй ээ гэх хүн ч таарах юм?

– Тийм ээ, өнгөрөгч онд үнэхээр хатуу өвөл болсон. Гэхдээ 2001,2002 оны зудтай жил  их хэцүү болсон шүү дээ. Тэр үед манай аймаг гурван сая гаруй малтай байснаас найман зуухан мянган малтай үлдсэн гашуун түүх бий. Харин өнгөрөгч өвлийн хувьд аймгийн хэмжээнд 2 сая 800- аад мянган мал өвөлжүүлэхээр бэлтгэл хангасан байсан. Цагийн хатууг УИХ-ын гишүүдтэй хамтран ажилласаны үр дүнд, аймгийнхаа нийт ард иргэдийг зохион байгуулсаны үр дүнд, иргэд хөдөлмөрчид байгууллагуудын хүч дэмжлэгийг авсаны үр дүнд хохирол багатай давсан. Товчоор хэлэхэд аймаг орны нийт ард иргэдийн хамтын хүчээр зудыг давлаа. Үр дүн нь юу вэ гэхээр манай аймгийн мал бага хорогдсон. Өнөөдөр Улаанбаатар, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховдод цагаан идээ олдохгүй байна. Тэгэхэд манай аймаг цагаан идээтэй байна. Баянхонгорын цагаан идээ өндөр үнэтэй ч гэсэн байна. Үнэ өсөх шалтгаан нь Өвөрхангай, Говь-Алтай, Завханаас манай аймагт ирж цагаан идээг их хэмжээгээр авч байна. Энэ жил мах ч гэсэн харьцангуй үнэтэй борлогдож байна, малчид маань орлоготой байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол өвөл, хаврыг амжилттай давсаны үр дүн гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн хойд хэсэг зудын байдалтай болж, зарим газартаа нэг метр цастай болсон, мал бэлчихгүй хүнд байгаа мэдээ байна. Манай аймаг харьцангуй сайхан байна л даа. Гэхдээ энэ бүхэн  нэг хүчин зүйлээс шалтгаална гэвэл өрөөсгөл болох байх. Сайн даргаас ч юмуу, сайн гэгээнтнээс ч юмуу, нэг сайн хүнээс ч юмуу шалтгаална гэж байхгүй. Хамтын хүчин чармайлтаас олон зүйл шалтгаална, зөв зохион байгуулалт, малчин хүний өөрийнх нь идэвхтэй оролцоо, өвлийн бэлтгэлээ сайн хангах гээд олон зүйл орно шүү дээ.

-Баянхонгор аймгийн  аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт  ямар байна вэ?

– 2009, 2010 оныг давсан туршлагаас сургамж аваад энэ өвөл, хаврыг  даван туулах бэлтгэлийг сайн хангасан гэж болно.Энэ ажилд аймгийн нийт иргэдийг татан оролцуулах арга хэмжээ авсан. Мэдээж оролцоо харилцан адилгүй ч бид зун, намраас олон арга хэмжээ авч эртнээс бэлтгэл хангасан учир өвлийг амжилттай давна гэж бодож байна. Наадмын маргаашаас эхлээд л тодорхой зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Бүх баг, сумууд өөрийн гэсэн өвс тэжээлийн нөөцтэй болсон. Аймгийн өөрийн нөөцөд 400 гаруй тонн өвс тэжээл бэлэн байна.Улсын нөөцийн дөрвөн салбарт 2000 -аад тонн өвс тэжээл бэлэн байна. Цаг хүндэрсэн тохиолдолд хэрэглэнэ. Малчин өрх айлын өөрсдийн бэлдсэн өвс тэжээл бас байгаа. Энэ өвлийг давах бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байна.

-Цас их орж, цаг хүндэрвэл ямар арга хэмжээ авах бодлого чиглэл барьж байгаа вэ?

-Хоёр сая гаруй мал байна. Өвөлжилт хүндрэх юмаа гэхэд бэлтгэлээ сайн хангасан. Өвс тэжээлийн нөөц байна. Одоогоор мал тарга хүч сайн байгаа. Гэхдээ говийн зарим сумд газрын гарц тааруу байсан болохоор цас их орвол хүндэрч болзошгүй. Харин отрын тухайд гэвэл манай аймгийн бэлчээрийн даац харьцангуй сайн биш. Гэхдээ хаяа багтвал буудаг, хамар багтвал иддэг гэгчээр хөрш зэргэлдээ аймгуудынхаа нутаг руу өвөлжүүлж байна.  

-Бид билэгшээж ерөөж амьдардаг ард түмэн. Болно, бүтнэ гэсэн яриагаар ярилцлагаа өндөрлөх үү?

– Эдийн засгийн утгаараа бид юуг ч хийх боломж байна. Энэ ажлуудыг хийхийн тулд хүмүүс хоорондоо эвтэй байх хэрэгтэй юм. Айл гэр дотроо эвтэй байх, ах дүүс хоорондоо эвтэй байх, баг сумаараа эвтэй байх, байгууллага хамт олон дотроо эвтэй байх, аймгийн ард иргэд нийтээрээ эвтэй байх тухай би ярьж байна л даа. Олон хүн хоорондоо эвтэй байвал зөв энерги, зөв хандлага гарна. Энэ зөв энерги нь олон сайн сайхан зүйлийн эхлэл болох ёстой гэж би боддог юм. Манай Хонгорчууд маань оюунлаг, ажилсаг сайхан хүмүүс шүү дээ. Хүн бүр дор бүрнээ хичээж  ажиллая, ядарсан нэгнээ өөд нь татъя. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж