АНУ Хятадын эсрэг тэмцлийн ”Хурц” хэлбэр сонгоно

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын эсрэг тэмцлийн ”Хурц” хэлбэр сонгоно

Хятад АНУ хоёрт мар­галдах юм мундахгүй олон. Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн айлчлалын “меню”-нд нэлээд дээгүүр байр эзэлж байгаа гэгдэх бол­сон Хойд Солонгосын асуудлаас эхлээд худалдааны дайн хүртэл үргэлжлэх урт жагсаалт гаргаж ч болох юм. Саяхнаас Хятадын макро эдийн засгийн өнгөрсөн сарын тайлан мэдээ гарсны дараа хоёр орны хооронд нэг хэсэг хүчтэй өрнөж байсан юанийн тухай маргаан дахин дэгдэж эхэлжээ.

Хятадын худалдааны илүү­дэл, зээлийн хэмжээ өн­гөрсөн сард нэмэгджээ. Хэ­дийгээр тус улс инфляцийг барих зорилгоор бодлогын хүүгээ нэмж, валютын хан­шаа чангаруулж байгаа бо­ловч энэ нь экспорт буу­рахад нөлөөлөөгүй бо­лол­той. Өнгөрсөн сарын байд­лаар Хятадын экспорт 35 ­хувиар өсч, 153.3 тэрбум ам.доллар болсон нь 2009 оны арваннэгдүгээр сараас хойшхи дээд амжилт юм. Импорт 38 хувиар нэмэгдэж, 130.4 тэрбум ам.доллар болсон байна. Ха­рин худалдааны илүүдэл 22.9 тэрбум ам.доллар гарчээ. Шинээр олгосон зээлийн хэм­жээ 564 тэрбум юань буюу 85 тэрбум ам.доллар болсон байна. Хятадын статистикийн албанаас гаргасан эдгээр тоо баримтаас харахад зөвхөн тус улсын дотоод зах зээл төдийгүй олон улсад ч хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэн гэж дүгнэж болох юм. Хонконгт төвтэй “Австрали, Шинэ Зеландын банкны групп”-ийн эдийн засагч Луй Лиганг “Дэлхийн эдийн засаг сэргэж, хямралын өмнөх үеийн түвшиндээ очиж байна. Ийм үед Хятадын Зас­гийн газраас юанийн ханшийг богино хугацаанд чангаруул гэж шаардах ямар ч хэрэггүй” гэжээ.

“Блүүмберг”-ийн эдийн за­сагчдын тооцоогоор Хятадын худалдааны илүүдэл өнгөрсөн сард 21.2 тэрбум ам.доллар гарсан аж. Тус улсын Засгийн газар эдийн засгаа дэмжих зорилгоор 7.5 их наяд юань зах зээл рүү­гээ нийлүүлнэ хэмээн тө­лөвлөсөн. Тэгвэл өнгөрсөн сард дээрх мөнгөнөөс хамгийн их хэсэг нь буюу 500 тэрбум юань гарчээ. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум юанийн зээл ол­госон гэсэн үг юм. Хятадын Ардын банкнаас мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт 19.5 хувиар ихэссэн байна. Өн­гөрсөн баасан гарагт Хон­конгод юанийн ханш чангарч, нэг ам.доллар 6.5113 юаньтай тэнцсэн байна. Биржүүд хааг­дах үед “Shanghai Composite Index” 1.1 хувиар нэмэгджээ.

“Экспорт нэмэгдсэнээр дотоод зах зээлдээ халаалт өгч, инфляци нэмэгдэх гол хүчин зүйл болно. Үүнээс бо­лж Хятадын Засгийн га­зар мөнгөний бодлогоо улам хатууруулна” хэмээн “Голд­ман Сакс”-ын шинжээч Сонг Ю тэмдэглэжээ. Энэ оны гуравдугаар улирлын байд­лаар Хятадын АНУ-тай хийсэн худалдаа 16.7 тэрбум ам.долларын илүүдэлтэй гар­сан байна. АНУ-ын хувьд өнгөрсөн аравдугаар сард 43.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Сүүлийн долоон сард анх удаагаа ийм өндөр дүн гарсан нь АНУ-д Талархлын баяр болсонтой холбоотойгоор хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэнээс үүдсэн хэрэг юм. Харин одоо Зул сарын баярын хямдралтай худалдаа зэрэг нь тус улсын дотоод эрэлтийг улам өсгөх нь дамжиггүй. Үүнээс улбаалаад Хятадын бүтээгдэхүүний за­хиалга нэмэгдсээр байх нь. АНУ-ын хамгийн том ху­далдааны төв “Уол Март”-ын борлуулалт үүнийг баталж байна.

Гэхдээ энэ бүхэн нь АНУ, Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлөх бололтой. АНУ-ын Сенатын дэргэдэх гадаад харилцааны хорооны тэргүүн Жон Керри “Юанийн ханш байвал зохих хэмжээндээ хүрээгүй. Хятадын Зас­гийн газар үүнд санаа та­вихгүй байна. Тиймээс ирэх оноос АНУ-ын хууль боловс­руу­лаг­чид Хятадын эрсэг хатуухан хуулиуд батлах болно” гэ­жээ. Өнгөрсөн сард юань ам.долларын эсрэг 0.1 хувиар чангарсан байна. Өмнөх сард нь 0.3 хувиар өсч байсан юм. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Хятадын эсрэг хүч­тэй шүүмжлэл өрнүүлж, өн­гөрсөн есдүгээр сард юа­нийг дор хаяж 1.7 хувиар чангаруулахыг шаардаж байв. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон дахь Олон улсын эдийн засгийн”Петерсон” институтын ахлах мэргэ­жилтэн Т.Гайтнерийн үгийг дахин сануулж, Хятадын Зас­гийн газар юанийн хан­шийг ганц сарын дотор дор хаяж нэг хувиар өсгөх ёстой гэжээ. Үүний эсрэг Хятадын төрийн мэдлийн бус, хөлөг онгоц үйлдвэрлэгч гурав дахь том компани “Янжижянг Шипбилдинг”-ийн төлөөлөгчид “Ганцхан жилийн дотор юанийн хан­шийг гурван хувиар өсгөж болохгүй. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй” гэсэн юм.

Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао ирэх сард АНУ-д айлчилна. Түүнээс өмнө юаниа чангаруулахыг шаардсан агуулга бүхий захидал АНУ-ын Конгрессоос Хятадын Зас­гийн газарт илгээжээ. Ямартай ч Хятадын экспорт нэмэгдсэн гэх мэдээлэл нь тус улс эдийн засгаа экспортоос хамаарал багатай болгох тал дээр дор­витой арга хэмжээ авахгүй байгаагийн илрэл юм. Хятадын бараа бүтээгдэхүүнүүд олон улсад тэр дундаа АНУ-ын зах зээлд хямд өртөгтэй, өрсөлдөх чадвар сайтай хэвээр байна.

Одоогийн байдлаар Хята­дын гадаад валютын нөөц 2.4 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа. Гэхдээ түүнийг юань руу хөрвүүлэх сонирхолгүй байна. Мэдээж энэ нь юанийн ханш огцом чангарч, Хятадын экспорт америкчуудын хүсч байгаачлан огцом буурах аюултай. Тэгэхээр тус улсад үлэмж хэмжээ бүхий бэлэн мөнгөний урсгал төвлөрч байна гэсэн үг юм. Хятадыг ирээдүйн АНУ гэж дүгнэгсэд цөөн­гүй бий. Ганц юанийн хан­шаар тоглосныхоо хүчинд тэд өнөөгийн өндөрлөгт хүр­сэн. Тийм учраас энэ өн­дөрлөгөөсөө зүгээр нэг гул­саад буучихыг хүсэхгүй байна. Нөгөө талаас Хятадын импорт нэмэгдсэн нь сайн хэрэг. Энэ нь олон улсын зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт ихэссэн гэсэн үг юм. Тэгвэл үнэхээр Хятадын бод­лого боловсруулагчдын хэлж байгаачлан тус улсын эдийн засгийн өсөлт, уналтаас дэл­хийн эдийн засаг шууд хамааралтай байж болох юм. Гэхдээ энд хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан хоёр их гүрний тухай яригдаж байгааг сануулах нь зүйтэй болов уу.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж