“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын “Ростехнологи” компанийн ерөнхий захирал С.В.Цемевзов хоёр сарын өмнө Монголд зочлохдоо зөвлөлийн ээлжит хурлын тов гаргаад буцсан. Хурал товлосон хугацаандаа буюу өчигдөр эхэлжээ. Тус хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг солино гэсэн таамаг байсан. Гэвч энэ талаар хэлэлцэхгүй харин “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барих асуудлыг ярилцах аж. Уг үйлдвэрийг ирэх жилээс барихаар төлөвлөжээ. Хуралд Ч.Ганзориг захирлаас гадна захирлын нэгдүгээр орлогч Ф.А.Петрович, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Эдийн засаг эрхэлсэн орлогч Д.Болдбаатар, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх нар оролцож байгаа аж.
“Монголросцветмет” ХХК-ийн зөвлөлийн хурал ч өчигдөр эхэлжээ. Уг хурлаар Асгатын ордын асуудлыг дахин сөхнө, их өрийн талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан. Гэвч дээрх хоёр асуудлыг хойшлуулсан ажээ. Харин компанийн үйл ажиллагааг дүгнэж, ирэх онд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоох юм байна. Хуралд “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал О.Эрдэнээс гадна ерөнхий нягтлан Д.Номинзул, хуулийн зөвлөх Ц.Баярсайхан нарын төлөөлөгчид оролцож байгаа аж.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин