Улаанбаатар хот 94000 барилга байгууламжтай

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот 94000 барилга байгууламжтай

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийт 94000 орчим барилга, байгууламж бүртгэгдсэн байна. Үүнээс нийтийн орон сууцны барилга 2378, гэр хороолол болон зусланд 74192,  үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга 10725, цэцэрлэг сургууль эмнэлэг 957,  бусад барилга 5662  байна. Манай хотод нийт барилга байгууламжийн 540 барилга нь 2004-2007 онд баригдсан бол 2008 онд 7000 орчим айлын орон сууц, 2009 онд нийт 6731 айлын орон сууц, 2010 оны байдлаар 5135-н айлын орон сууц тус тус ашиглалтанд оржээ. Сүүлийн таван жилд дунджаар 5000 ажлын байр бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын болон төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан байдаг.

Ж.ГЭГЭЭ

Шилдэг шинэ орон сууцыг шалгаруулна
Барилга бүтээн байгуулалтын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Barilga best awards-2010” ёслолын ажиллагаа энэ сарын 30-нд “Чингтс хаан” зочид буудалд болно. Уг ёслолын ажиллагааны үеэр шилдэг барилгын гүйцэтгэгч байгууллага, шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч байгууллага, шилдэг материалын үйлдвэрлэгч байгууллага, шилдэг импортлогч байгууллага, шилдэг зураг төслийн байгууллага, шилдэг шинэ орон сууц зэрэг номинациудаар барилгынхны шилдгийг тодруулах аж. Шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, мэргэжилтэнүүд оролцох гэнэ.


Ж.ГЭГЭЭ

Тайпей-101 анх удаа ашигтай ажиллана
Тайвань арлын Тайпейн санхүүгийн төв корпорацийн эзэмшдэг дэлхийн хоёр дахь өндөр байшин 2004 оноос анх удаагаа энэ онд ашигтай ажиллах болжээ. Энэ нь Тайпей-101 барилгыг үзэж сонирхохоор ирж буй Хятад жуулчдын тоо хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Нийт ашиг энэ оны хувьд 200 сая тайвань доллар буюу 6,65 сая ам.доллар байхаар байгаа юм. Харин өнгөрсөн онд энэ байгууллага 178,5 сая тайвань долларын алдагдалтай ажилласан билээ.

Тайвань арал болон БНХАУ-ын Засгийн газрууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зарим нэг хоригийг зөөллөх шийдвэр гаргасан нь жуулчдын тоог ихээр нэмэгдүүлж байгаа юм. Энэ оны эхний хагаст нийт 3440 жуулчин айлчилсан байна.

Тайпей-101 нь 508 метр өндөр бөгөөд Бурж Дубай нээгдэхээс өмнө дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан юм. Энд 10 мянган гаруй хүн ажилладаг аж.
 

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж