Экспортлогчид алдагдалтай нүүр тулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Экспортлогчид алдагдалтай нүүр тулжээ

Арилжааны банкууд өчигдрийн байдлаар ам.долларыг 1205-1207 төгрөгөөр авч 1213-1215 төгрөгөөр арилжаалж байлаа. Зөвхөн ам.доллар төдийгүй хятадын юаний ханш аажмаар буурч буй юм. Ам.долларын ханш ийнхүү буурч байгааг банкны эдийн засагчид зах зээлийн зарчмын дагуу явагдаж буй хэвийн үзэгдэл хэмээн тайлбарлаж байгаа юм. Мөн Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагууд “Одоохондоо ам.долларын ханш хэвийн хэмжээнд байгаа” гэх хариултыг өгч буй билээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч байгаа нь экспортоос олох орлого нэмэгдсэнтэй шууд холбоотой. Төгрөгийн ханш чангарах нь улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй ч экспортлогч нарт сөргөөр нөлөөлж алдагдалд оруулдаг байна.

Монгол Улсад   үйл ажиллагаа явуул­­даг зарим экспортлогч ком­панийн удирд­лагуудаас ам.долларын ханш унаж буйтай холбоотойгоор алдаг­дал хүлээж байгаа эсэхийг нь лавла­сан юм.

“АПУ” хувьцаат компанийн гүй­цэт­гэх захирал Ц.Эрдэнэбилэг:

-Манай компани тодорхой хэм­жээгээр алдагдал хүлээж байгаа. Гэх­дээ бага зэрэг гэж ойлгож болно. Ам.долларын ханшийн уналт нь ерөнхийдөө сөрөг үр дүн дагуулдаг. Тиймээс энэ тал дээр холбогдох бай­гууллагууд  арга хэмжээ авах хэрэгтэй. Ам.доллараар бараа, бү­тээгдэхүүнээ экспортлох гэрээ хийсэн компаниуд маш их алдагдалд орж байгаа байх. Манай компани бараа бү­тээг­дэхүүн экспортлох гэрээгээ ихэвч­лэн евро, юаниар хийсэн. Тий­мээс бага ч гэсэн сэргийлж чадсан.

“Монгол нэхмэл” ХХК-ийн гүй­цэтгэх захирал Р.Энхболд:

-Манай компани одоогийн байд­­лаар бараа, бүтээгдэхүүнээ экс­порт­­лохгүй байгаа. Ер нь гэ­рээ­гээ ихэвчлэн ам.доллараар хий­дэг. Ам.дол­ларын ханш багахан хэм­жээ­гээр унахад л экспортлогчид ал­даг­далд орж байдаг юм. Гэхдээ ма­най компанийн хувьд одоогоор мэ­дэгдсэн зүйл алга.

“Улаанбаатар хивс” компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал:

-Алдагдалд орж байгаа. Ам.дол­ларын төдийгүй хятадын юаний ханш унасаар л байна. Манай ком­пани ихэвчлэн Хятад улс руу хивс экс­портолдог. Юаний ханш 200 төгрөгтэй тэнцэж бай­хад бүтээгдэхүүн экспортлох, одоо 180 төгрөгөөр экспортод гаргах хоё­рын дунд их ялгаа байгаа. Манай компани одоогийн байдлаар 50 га­руй сая төгрөгийн алдагдалд ороод бай­гаа тооцоо байна. Импортлогч нарт ашигтай байгаа. Цаашид валютын ханшийг тогвортой байлгах арга хэмжээ авах нь зүйтэй.

“Монгол мянган” ХХK-ийн Ерөнхий захирал  Б.Болдбаатар:

-Манай компани бусад улс оронд ашигт малтмал, хүнсний бү­тээг­дэхүүн экспортолдог. Бусад экс­портлогч нарын адил алдагдалд орж эхэлсэн. Одоогийн байдлаар 100 ор­чим сая төгрөгийн алдагдалтай ажил­ласан гэсэн тооцоо гаргасан. Цаашид энэ тоо хэд болохыг мэдэхгүй бай­на.

Тэд ийн хариулав. Харин “Гоёо” ХХК-ийнхан  ам.долларын ханшны уналтаас үүдэн экспортоос олох ор­лого нь буурч, чамгүй алдагдал хүлээж байгаа гэсэн юм. Тус ком­панийхан ам.долларын ханш унаж байгааг макро эдийн засгийн асуудал тул компаниуд дорвитой хаалт тавьж чадахгүй байна хэмээн онцолсон. Валютын ханшийн бууралт нь дэлхийн хэмжээний асуудал бөгөөд манай улстөрчид үүнд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн экспортлогчид хэлж байна. Бас зарим нь ам.доллар, юаний ханш буурсны улмаас тухайн нэг компанийн хувьд алдагдал хүлээж байгаа ч үүнийг дэлхийн хэмжээнд харвал зөв үзэгдэл гэсэн юм. Тэд нэг их сүр болгоод байх зүйл биш гээд хэсэг хугацааны дараа бүх зүйл байрандаа орно хэмээн тооцоолж байгаа ажээ. Зарим экспортлогч санхүүгийн албаараа дамжуулан өөр валютад шилжүүлэн төлбөр тооцох зэрэг амь аргацаасан арга хэмжээг авч байгаа аж.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж