Ирц бүрдэхгүйгээс асуудлаа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүйгээс асуудлаа хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,  Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус бүр хийх байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс асуудлуудаа хойшлуулсан юм.

Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа нь айлчлалаар мордсонтой холбоотой аж. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Энэтхэг улсад хийсэн айлчлал, Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж байгаа айлчлалтай холбоотойгоор олон гишүүн гадаадыг зорьжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн үүнд шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын гишүүн Р.Раш хэлэхдээ “Айлчлал хийхдээ заавал олон хиа дагуулж явах ёстой юм уу. Хэлэлцээд тохирчихсон асуудлын араас тэр олноороо сүрийг үзүүлдэгээ болихгүй бол улс орны амин чухал асуудлыг хэлэлцэх болоход даяараа шахам айлчлал дагаад явчихсан, асуудлыг шийдвэрлэх боломжгүйд хүрч,  ажил хойш татаж байна” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж