Монголын шинэ улс төрд хэн ялах вэ? (II)

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Монголын шинэ улс төрд хэн ялах вэ? (II)

Өмнөх нийтлэлээр дэлхий дахинаа түгээмэлээр оршин буй шинэ улс төр, шинэ улс төрчдийн хандлагыг тодруулж Монголын ирээдүйн шинэ улс төрд хэн, хэрхэн ялж болох талаар төсөөлөхийг оролдсон. Харин энэ удаад, чухам энэ цагт бидэнтэй зэрэгцэн орших Монголын улс төр хийгээд улс төрчдийн өнгө, төрхийг зураглахыг зорилоо. Та бидний аж төрж буй нийгмийг удирдан чиглүүлэгч улс төр хийгээд улс төрчдийн мөн чанар ямархан байгааг хамтдаа шинжлэн үзье.

Өнгөц сонсоход орчин цагийн нэр томъёо бүхий ойлголт, ухагдахууныг хэрэглэсэн байх авч, агуулгын хувьд тэс өөр болж гажуудсан улс төр, эдийн засгийн бодлогыг өнөөгийн эрх баригчид явуулж байна. Өнөөдрийн Монголын улс төр, эдийн засгийн бодлого дэлхийн улс төрийн түгээмэл жишгийг үл хэрэгсэн Англи, Франц, Герман зэрэг өндөр хөгжсөн улсуудын хэдэн арван жилийн тэртээ татгалзаж орхисон, нийгэм, эдийн засгийн бодот хөгжлийг боомилогч– уул уурхайн аж ахуйг хөөрөгдөж байна. Уул уурхайн эдийн засаг нь бүтээн байгуулдаггүй, зөвхөн ажлын байр бий болгох төдийгөөр үр ашиг нь гардаг, бусад хэлбэрийн ашиг нь үндсэндээ тойруу замаар хөгжлийг сааруулж байдаг. Онолын хувьд “Баялгийн хараал” хэмээн тодорхойлогдсон тэрхүү үзэгдлийн бүх хэв шинж манай нийгэм, эдийн засагт илрээд байна.

Голланд өвчин, төгрөгийн ханшийн өсөлт, ардчилалгүй болох, “мөнгөний ардчилалын” үзэгдэл, улс төрчид мөнгө амлах, дарангуйлал, төсвийн зарлагын хөөрөгдсөн өсөлт, бусад салбарын боловсон хүчний уул уурхай руу чиглэсэн шилжилт гэх мэт олон шинжээр “Баялгийн хараалыг” профессор Пол Коллиер “Адагт үлдсэн тэрбум” хэмээх номдоо тодорхойлжээ. Бэлээхэн бид бүхний харж байгаачлан тэдгээр шинж төлөвүүд цогцоороо манай нийгэм, эдийн засагт илэрч буй.

Улс төрчид юуны учир ийнхүү илэрхий буруу замаар “будаа тээнэ” вэ? Учир нь, газрын баялагт дулдуйдсан ийм бодлого явуулахад ямар ч Мэдлэг шаардлагагүй. Монголд МЭДЛЭГГҮЙ Улс Төр оршин тогтнож, Мэдлэггүй Улс төрчид тэнхээ мэдэн “орилж” байна. Тиймээс Монголын улс төр бол улс төр биш, Монголын улс төрчид нь улс төрчид биш ажээ.

Мэдлэггүй улс төрчдийн өнгө, төрхийг шинжин үзье. Мэдлэгийн хүч сорьсон үйл хэргийг тэд үргэлжид үзэн ядна. Тэд баялаг үйлдвэрлэгч эдийн засгийн тогтолцоог бий болгох тухай юу ч мэдэхгүй. Мэдлэгийг капитал болгосон мэдлэгийн эдийн засгийн тухай тэдэнд ямар ч төсөөлөл үгүй. Ард олондоо бүгд нийтээрээ баяжих боломжийг тэнцүүгээр олгон, баялаг үйлдвэрлэн бүтээх тэр их үйлсэд уриалан дууддаггүй. Харин ч эсрэгээр, ард олны хийх, бүтээх хүсэл тэмүүллийг боон хаагдуулах бодлогыг ил далдаар явуулж байдаг.

Мэдлэггүй улс төрчид мэдлэг шаардсан ажлаас ямагт зайлсхийнэ. Мэдлэггүйчүүд өөрсдийн мэдлэггүй байдлыг нуун хайцайлж, мухар сүсгийг ухуулан дэлгэрүүлж байдаг. Олон нийтийг төөрөгдөлд оруулж, булхайгаа илэрч, мэдлэг чадваргүй байдлаа илчлэгдэхээс сэрэмжилнэ. Өөрсдийн гараар бүтээсэн феодализмийн байгуулал—төрийн тогтолцоонд мэдлэгтэй хүмүүсийг орж ажиллах үүд хаалгыг элдэв аргаар хааж, зөвхөн өөрсдийн хань хамсаатаныг оруулан авилгын сүлжээг байгуулж түүнийгээ амь тэмцэн хайцаалж байдаг.

Мэдлэггүйчүүдийг эрх барьж байх үед эдийн засаг өсч буй нэртэй байвч ард түмний амьдрал сайжирдагүй. Учир нь тэдгээр мэдлэггүй улс төрчид байнга бусдын хөдөлмөрийг шулж, баялгийг зүй бусаар хуваарилж зөвхөн өөрсдөө завшиж байдагт гол учир байдаг. Нийгэмд хар тамхи, янхандалт, архидалт газар авч, ажил хөдөлмөр эрхлэхийг үл хүсэгчид олширч ард олны амьдрал доройтсоор байдаг.

Нийгэмд мэдлэгийн бүх салбар үнэгүйдэж мухар сүсгийн талбар болж хувирдаг. Ард түмэн учрыг мэдэн тэдний эсрэг тэмцэж эхлэхэд улс төрчид хуулиар далайлган “алан хядахаар” айлган сүрдүүлэхийг эрмэлздэг. Тэд өөрсдийгөө хамгаалахын тулд тэдний эсрэг үүсч болох ард түмний бослого тэмцлийг хүчирхийллээр дарж байхыг эрмэлздэг. Ийм санаархлаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг оролдоно. Ард олны хүслийг хүчирхийллээр дарчихна гэж амархан боддог ч энэ нь яв явсаар нийгмийг бүхэлд нь хамарсан хүчирхийлэл үүсэхийн эхлэл болох аюултай. Үүнийг эдүгээ дэлхий дахинаа өрнөж буй олон үйл явдал гэрчилнэ.

Эдгээр үзэгдлүүд нь феодализмийн салшгүй шинжүүд юм. Феодализм мэдлэггүй дээр л цэцэглэдэг. Мэдлэггүйгээс мэдлэггүй төрөн гарсаар байх төгсгөлгүй эргүүлгийн дунд бид амьдарсаар.

Яагаад бид мэдлэггүй болж орхисон юм бэ? Коммунизм, хэт зүүний социализм цэцэглэж байсан үед мэдлэг үүсэх боломжгүй байжээ. Хэт зүүний социализм бол өөрөө дарангуйлал учраас тэнд мэдлэг хөгжих ямар ч боломж байхгүй. Тиймээс тэр үед авсан диплом бол мэдлэгийн диплом биш. Өнөө хэр тэр үеийн дипломтангууд их дээд сургуульд заасаар, өөрсдийн залгамжийг бэлдсээр, төр засгийг ч энэ цагт “удирдсаар” байгаа гэдгийг санагтун.

Хэт зүүний социализмийн үед феодализмийг хэлбэрийн төдийд устгаснаас биш, мэдлэгийн хийгээд оюуны түвшинд устгах хувьсгал явагдсангүй. Хэт зүүний социализмийн үед бий болсон ганц давуу зүйл болох ард олны амьдралын баталгааг өнгөрсөн 20 жилд устгаснаар буцаад өнөөх феодализм нь сэргэн мандах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Тиймээс өнгөрсөн 20 жилд феодализм дахин цэцэглэх болсон нь 1-рт, мэдлэггүйгээс, 2-рт, ард түмний амьдралын баталгаа алдагдсантай холбоотой аж.

Хүн төрөлхтний мэдлэгийн охь манлай болсон оюуны шинжлэх ухаан–философийг огт хөгжүүлээгүй нь мэдлэггүй болохын үндэс болсон. Социализмийн үед марксист, ленинист философи гэгдэгч үл гүйцэлдэх сургаалийг номнож өрнөдийн философийн “Байхуй” хэмээх чухал ойлголтыг “Ахуй” гэж гүжирдэн орчуулж, ”Ахуй анхдагч, ухамсар хоёрдогч” хэмээн дуулж хүн төрөлхтний мэдлэгийн санд огтоос байхгүй ойлголтыг догматиклаж ирсэн нь өнөө цагийн мэдлэггүйтэлийн үндэс болсон юм. Тэрхүү догма одоо хэр үргэлжилсээр.

“Ардчилалаас өөр сонголт байхгүй, ардчилалыг нэгэнт сонгосон хойно өнөөдрийн энэ мэт зовлон зүдүүрийг дайрахаас биш, тойрохын аргагүй” гэж номнодог мэдлэггүйтэнгүүд өнөөгийн улс төрчид дунд байдаг. Хэргийн учир “ардчилалд” биш, мэдлэггүйд байгаа гэдгийг мэдэх цаг болсон. Өчүүхэн хүсэл өвөрлөсөн мэдлэггүй улс төрчдийн бүтээж буй үйл хэргийн үрийг ард түмэн биеэр эдэлж байна.

Мэдлэггүй улс төрчдийн бас нэгэн нийтлэг шинж бол асар өчүүхэн “амбицийг”өвөрлөж явдаг байдал. Албан тушаал хүртэж ард түмний мөнгийг шамшигдуулж баяжих, авилгын мөнгөөрөө хилийн дээс давж мөрийтэй тоглох, харьд очиж хуучин байшин худалдаж авах, авгайдаа булган дээл, жийп авч өгөх гэх мэт тулга тойрсон жижиг хүслээн тэд “амбиц” хэмээн нэрлэж, өөрсдийн араас залгамжлан гарч ирэх мэдлэггүйтнийг “амбицлаг бацаан” хэмээн толгойг нь илж тойрон хүрээлүүлнэ.

Тийнхүү мэдлэггүй улс төрчдийн шинэ үе удам дамжин төрсөөр байх аж. Тэгвэл “Үе солигдож байж хөгжил ирнэ” хэмээсэн нэгний үг худал болох нь. Өмнөх соц үед боловсорсон мэдлэггүйтэнгүүдийн араас тэднээсээ хэд дахин харанхуй толгойтонгууд–булчингийн хүчээр үйл хэргийг шийдэхийг эрхэмлэгч “амбицлагууд” эцэс төгсгөлгүй төрөн гарах ажээ. Төрийн эрх баригчдын залгамж халаа болсон “амбицлагуудын” гудамжинд цуглан орилолдож, бие биедээ “шаардах бичиг” барих гаж гэмээр үзэгдэл үүнийг гэрчилнэ.

Нэг мэдлэггүйг нөгөөгөөр нь хичнээн соливч байдал дээрдэхгүй ээ. Эргээд санагтун: Бямбасүрэнг Жасрайгаар, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд, М.Энхсайхан, Амаржаргал гэсээр С.Баяр, Сү.Батболдыг хүртэл энэ жагсаалт үргэлжлэхэд байдал ямхын төдий ч болов өөрчлөгдсөн билүү? Өнөөх л муу зүг рүүгээ явсаар. Өнөөгийн Монголд мэдлэг байхгүй. Мэдлэг дэлхийн тоотой хэдхэн улсад байна. Мэдлэггүйтнүүдээс хагацаж, мэдлэгийн хувьсгалыг хийхээс наана хөгжил, сайн сайхан цаг үе ирэхгүй.

Тэртээ 2200 гаран оны өмнөх үед тухайн цагийн их бодогчид Сократес, Плато, Аристотлес нарын бүтээж, өнөө хэр дэлхийн түгээмэл мэдлэгийн үндэс болсоор буй хүн төрөлхтний дэвшилтэт мэдлэгийн сан дээр тулгуурлан Төрт улсаа төвхнүүлж, тэр цагийн хөгжилтэй, хүчтэй гэх бүх улсыг өмнөө сөхрүүлэн номхруулж Хүннү гүрнийг байгуулсан нь бидний дээд өвөг билээ. Найман зууны өмнө Есүхэйн Тэмүжин хөвүүн бөмбөрцгийн талыг бүрхсэн Их Монгол гүрнийг байгуулж, дэлхийн хэргийг төвхнүүлж, хүн төрөлхтнийг амар амгалан, жаргалтай аж төрүүлэх гэсэн Их Хүслээ биелүүлэх агуу их үйлсийг сэдэн бүтээж явсан түүхийг дэлхий мэднэ. Тэр агуу их өвөг дээдсийн удам болсон өнөөгийн үр ач бид тэднээсээ давдаггүй юм гэхэд дутахааргүй Их Хүслийг оюундаа бүтээж, тэр Хүслээрээ жигүүрлэн ирээдүйн улс төрийг явуулах ёстой.

Хэрвээ бид өвөг дээдсийнхээ агуу их бодол, хүслийн үргэлжлэл болсон “хүн төрөлхтний төлөө” гэсэн уриа бүхий улс төрийг бүтээж хэрэгжүүлье гэж зорих аваас юун түрүүнд түүнд саад бологч өнөөгийн мэдлэггүй улс төрчдөөс салах явдал нэн чухал аа. Эс тэгвээс “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгчээр үе дамжин удамших мэдлэггүй улс төрчдийн гинжин хэлхээнээс бид хэзээ ч ангижрахгүй.

http://buyantsogtoo.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж