Намууд нэгдэхэд болохгүй гэх зүйлгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Намууд нэгдэхэд болохгүй гэх зүйлгүй

Б.Батболд: Үндэсний эрх ашгийг дээдэлдэг намууд нэгдэхэд болохгүй гэх зүйлгүй

МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Батболдыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Та саяхан телевизийн нэгэн хэлэлцүүлэгт орол­цохдоо Оюутолгойн
гэрээ, түүний хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар онцлон ярьж байсан.
Эндээс та­ныг уг гэрээнд ихээхэн шүүмж­лэлтэй хандаж байна гэж ойлгосон?

-Оюутолгойн гэрээнээс Хувь нийлүүлэгчдийн гэрээг сонгон авч онцгой
акцент өгөх гээгүй л дээ. Үнэхээр Оюутолгойн гэрээ бүхэлдээ  болохоо
байчихаад байна уу гэвэл тийм л гэхээс өөр аргагүй. Үүнд хариулт өгөхийн
тулд эхлээд гол мөн чанарыг нь олж харах ёстой. Энэ гэрээ бидэнд
ашигтай байх ёстой. Үндсэн хуульд  зааснаар ч, өвөг дээдсийн олон жил
цусаа урсган хамгаалсан газар нутгаа ч бодсон ч тэр. Энэ талаар монгол
хүн бүр дуугарах ёстой, тийм ч эрхтэй. Уг нь монголчууд таван хошуу
малаа маллаад 2000 гаруй жил амьдраад ирсэн. Цаашдаа ч үүгээрээ амьдрах
бүрэн боломжтой. Гэтэл Засгийн газар, эрх баригч намууд уул уурхайг
эдийн засгийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл болгоно гэсэн зорилт тавьчихаад
байгаа.

Зөвхөн том уурхай гэлтгүй олон жижиг уурхай ажиллаж байна. АНУ, ОХУ,
Герман улсуудын  2050 он хүртэлх геополитикийн прогнозыг харж,
харьцуулсан судалгаа хийж байхад маш сонирхолтой дүн ажиглагдсан. Дэлхий
нийт 2050 он гэхэд ямар байх вэ гэхээр ерөөсөө л байгалийн баялгаа
хадгалж үлдсэн улс орон нь бусдадаа хамгийн нөлөөтэй, чухал байр суурь
эзэлдэг байх нь гэсэн дүнэлт гарч байна. Бас нэг ажиглагдсан зүйл бол
дэлхийн хүн амын өсөлт түүнтэй холбогдон хүнсний хангамж, ундны усны
асуудал хурцаар тавигдаж эхлэх нь тодорхой болж байна ийм нөхцөлд
өөрсдөө ашиглаж чадахгүй байж эрэмдэглэн ашигт малтмалаа сүйтгэн хүний
хоол болгож байснаас нөхөн сэргээгдэх баялаг хүнсэн дээр суурилсан
боловсруулах үйлдвэрүүд барьж дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй нь
харагдсан.Одоо ашиглахаар зэхээд буй цөөн ордууд дээр  мөнгө босгох
зорилгоор хандана уу гэхээс хэн дуртайд нь лиценз нэрээр газар нутгаа
,баялгаа алдах нь яав ч төрийн бодлого байж таарахгүй.

-Өөрөөр хэлбэл та уул уурхайг хөгжлийн тэргүүлэх салбар болгосон нь
буруу гэж үзэж байгаа юм байна. Яагаад гэдэг үндэслэлээ тайлбарлана уу?

-Би болон манай намын үзэл баримтлалын хувьд монгол хүн мэддэг зүйл,
давуу талаа түшиглэн хөгжих ёстой гэж үздэг. Мал аж ахуйг бид сайн
мэддэг учраас энэ давуу талаа ашиглах боломжтой. Өөрсдөө хийж чадахгүй
зүйлээ заавал чадах гэж хүний хоол болгох хэрэггүй. Уул уурхай түшсэн
эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг биш ирээдүйгээ харсан төрийн
бодлоготой байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Жишээ нь, мал аж ахуй,
газар тариалан, аялал жуулчлал, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд
гэсэн үндсэн зургаан чиглэлээс гадна үйлчилгээний салбарыг түлхүү
хөгжүүлэх боломжтой юм. Капитализмын интеграцчилсан сүлжээнд
монголчуудад орон зай бараг байхгүй. Ямар нэг байдлаар орлоо гэхэд
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байвал яах вэ
гэдэг асуудал бий. Судалгааны явцад энэ эрсдэл маш өндөр, 50-аас дээш
хувьтай байгаа юм. Өндөр технологи шаардсан энэ цаг үед манайд олигтой
гагнуурчин ч ховор байна шүү дээ.  Харин мал аж ахуйн гаралтай сүү, мах,
ноос ноолуур гэх мэт нөхөн сэргээгдэх баялаг дээр суурилсан эдийн
засгийн тэргүүлэх чиглэлийг сонгох нь Монгол Улсын хөгжлийн бодлогын
үндэс байх ёстой.

-Тухайлбал ямар боломж байна?

-Жишээ нь, саяхан намайг Сингапурт явж байхад 500 граммаар савласан
цагаан ямааны сүүг 15 ам.доллар, хар ямааны мах кг нь 26 ам.доллараар
худалдаалж байна. Өнөөдөр Монголд юу л байна мал, ямаа л их байгаа.
Монголын мал экологийн цэвэр түүхий эд. Ийм түүхий эдийг хүнсэндээ
ашиглах гэж дэлхий нийтээр хошуурч байна. Бид энэ давуу талаа ашиглах л
ёстой. Өөрөөр хэлбэл нэгэнт олон жил хөгжөөд түрүүлчихсэн уул уурхайн
салбарын хөгжлийн араас хөөх биш, хөгжлийн чиг хандлагыг угтаж  амдаж
ажиллах чухал гэдэг нь хэнд ч тодорхой ойлгогдхоор байгааг хэлэх
хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд харахад  уул уурхай Монголын хөгжлийн
тэргүүлэх чиглэл яавч биш. Аюулгүй байдал талаасаа ч гэсэн томоохон улс
гүрнүүдийн анхаарлыг татах болсноор эрсдэл дагуулна. Хятад л гэхэд замын
босоо тэнхлэгээ барьж, Европтой холбох гол холбоос нь Монголд төвлөрөх
шинжтэй болж байна. Тиймээс эхлээд дэд бүтцээ барьж байгуулах, дараа нь
үүнийгээ яаж ашиглах талаар маш зөв бодлого боловсруулах ёстой. Үүнээс
үүдэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, бүр шинэчилэн
найруулж бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй болж байгаа юм. Хамгийн том
асуудал нь “Эрдэнэт”-ээс ордог ашиг орлогыг бид зөв зарцуулж чадаж байна
уу. Улсын үйлдвэрийн газрууд дээр гарч байгаа цоорхойг ашиглаж эрх
баригчид хулгай, луйвраа хийдэг. Энэ цоорхойг хаагаагүй байж дараагийн
том эх үүсвэрийн тухай ярих хэрэг байна уу. Ерөнхийдөө ийм байна.
Гэрээний зүйл, заалт бүрээр яривал хөгийн гэмээр юм их бий.

-Гэрээг шүүмжлэх хүн олон байна. Төслийг Засгийн газар
боловсруулсан, УИХ баталсан, гэрээг нэр бүхий сайд нар байгуулсан. Эцэст
нь үнэхээр алдаатай гэрээ байгуулчихсан юм бол хэн хариуцлага хүлээх
вэ?

-Асуудлын гол нь яг наана чинь байгаа юм. Хуульчлахдаа 100 сая төгрөгөөс
дээш үнийн дүнтэй гэрээг УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн байгаа. Уг нь
“Эрдэнэс МГЛ” гэрээ байгуулж хариуцлагаа дангаараа хүлээх учиртай
байсан. “Эрдэнэс МГЛ”  компанийн алдааг ТӨХ, ТӨХ-ны алдааг салбарын
сайд, Засгийн газар, Засгийн газрын алдааг УИХ гэсэн дарааллаар
хариуцлага тооцож явах ёстой. Харамсалтай нь энэ дарааллыг алдагдуулж
УИХ-д асуудлаа тулган Монголын төрийг барьцаалах боломжийг бүрдүүлсэн нь
процедурын том алдаа болсон. Хариуцлагын асуудал ярихаар улстөрчид
“Сонгогчид сонгуулиар бидэнтэй хариуцлага тооцдог юм” гэсэн гоё хариулт
өгдөг. Гэтэл сонгуулийн систем нь ямар байгаа билээ. Энд би
пропорцианаль, можариторийн талаар биш сонгууль явуулж байгаа арга
барилын тухайд хэлж байна. Өгсөн саналыг маань зөв тоолоод шударга үр
дүн гаргаж чадахгүй байгаа төртэй ямар хариуцлага тооцох вэ. Төрийг
хариуцлагатай болгох ямар ч механизм алга. Өнгөрсөн сонгуулиар хуульд
бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байх, урлагийн тоглолт үзүүлэхийг хориглох
гэхчлэн олон “сайхан” заалт орсон ч зөрчвөл яах вэ гэдэг хариуцлагын
талаар учир дутагдалтай болсон. Жишээ нь, нэр дэвшигчийг 100-150 мянган
төгрөгөөр торгох, намуудыг 250-300 мянган төгрөгөөр торгоод яах юм бэ.
Ард түмнээ дандаа ингэж хуурч мэхэлдэг төрийг эрх зүйт төр биш ахуйт төр
гэдэг юм.

-Тэгвэл бид ахуйт төрд амьдарч байгаа болж таарах нь ээ. Энэ талаараа нэмж тайлбарлаач?

-Мөнгө, материаллаг зүйлээр ард түмнээ хуурч байгаа болохоор тэгж нэрлэж
болно. Ахуйт төрийн талаар эртний олон сургаал байдаг. Үүний нэг нь
нохой заяатанд төрийн хэргийг өгөх бөгөөс төр самуурч түмэн олон үгүйрнэ
гэж сургаж үлдээсэн байх жишээтэй.  Өнөөдөр Монголд чадалтай нь биш,
мөнгөтэй нь төр барьж, дуртай албан тушаалдаа хүрч байна. Монголын төрт
ёсны уламжлалд ч гэсэн аравтын ноён хийж чадсан хүнийг зуутын ноён,
зуутын ноён хийж байсныг нь мянгатын ноёноор томилдог байсан болохоос
чадахгүй ч гэсэн мөнгөтэйг нь ноён болгож байсан дэг жаяг байдаггүй. Их
хуралдай гэдэг маань ноёдын чуулган байсан болохоос нохой заяатуудын
цуглаан байгаагүй.  Төрт ёс, хууль, эдийн засгийн  анхан шатны
ойлголтгүй хүмүүс хууль баталж байна. Тавантолгойн лиценз Монголын
компанид байсан учраас төр буцаагаад авч чадаж байсан. Оюутолгойд бол
ийм боломж байхгүйг бид бэлхнээ харж байна. Тэгсэн мөртлөө гадаадын
компанид газар нутаг, баялгаа алдсан гэхээр үгүй ээ гэдэг. Тэгвэл яагаад
Монголын төр өөрийнхөө баялгаас 34 хувийг нь мөнгөөр худалдаж авч
байгаа юм бэ. Яагаад Монголын төр дуртай үедээ буцаагаад авч чадахгүй
байгаа юм  бэ. Оюутолгойн хувьд Монголын төр Үндсэн хуулиа зөрчөөд
Канадын хөрөнгө оруулагчдыг хуулийн хамгаалалтад авчихаад байна.

-Улс төрийн нэгэн намын хувьд та бүхэн энэ гэрээг ингэж байгуулах
нь  буруу гэдэг санал шүүмжлэлээ анх хэлэлцэж байхад нь эрх баригч
намуудад тавьж байсан уу?

-Тавьж байсан. Тэр байтугай эрсдэлийн судалгааг нь өөрсдийн хөрөнгө
хүчээр хийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байсан ч эрх
баригчид аюултай бөгөөд ашиггүй хувилбарыг сонгон гэрээ хийн Монголын
төр, түмэн олныг харийнхний барьцаанд оруулсан.

-Жижиг нам гэж хэлж байгаа хүмүүс өөрсдөө жижиг байдаг гэж нэгэн
улс төр судлаач хэлж байсан. Ингэхэд танай намд одоо шинээр гишүүд элсч
байна уу, хэчнээн гишүүнтэй вэ?

-Би тэр судлаачтай санал нэг байна. Намын том, жижгийг бодлогоор
тодорхойлох болохоос гишүүний тоогоор тодорхойлох нь манай улс төрийн
намуудын хувьд учир дутагдалтай. “Хүний олон хүнээ барьдаггүй, нохойн
олон нохойгоо барьдаг”. Бодлого байхгүй намууд ард түмнээ ядуу байлгаж 
мөнгөөр түрээсэлдгийг бид өөрсдөө харж байна. Дандаа ингээд яваад байх
уу, яах вэ гэдгээ монголчууд тухтай бодож эхэлсэн. Манай намын хувьд
2007 оны тооллогоор 6000 гаран гишүүнтэй байсан. Одоо хэд болсныг хэлж
мэдэхгүй байна. Бид Монголоо гэсэн үнэн сэтгэл зүрхтэй байгаа гэдэг нь
хамгийн чухал үзүүлэлт гэж бодож байна. Мөн Монгол төрийн уламжлалт
ухааныг бүтээлчээр өвлөн авсны хувьд ард түмэн итгэл үзүүлбэл Монголын
төрд нам, шашин шүтлэг харгалзалгүйгээр чадалтайг нь төрийн албанд урьж
ажиллуулах болно. Тийм болохоор дайн тулаан хийх гэж байгаа биш. Тэр
олон зуун мянган гишүүнээр яах ч юм билээ. Нөгөө талаар эрх баригч
намуудад ямар нэгэн юм горилсон нөхдүүд л цугларч байгаа болохоос биш,
итгэл үнэмшлээрээ эднийг дагаад байгаа гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Харин манай намд үндэс угсаагаа гэсэн эх орны хөвгүүд итгэл сэтгэлээрээ
элсэн орж байдаг. Ийм л эрс ялгаатай хоёр зүйл юм даа.

-Иргэний зориг нам, Монголын ногоон намтай нэгдэхээ мэдэгдээд
байна. Танай намд нэгдэх санал тавьсан уу. Ер нь ийм нэгдэл байж болох
уу?

-Ерөөсөө Монголын түүх буюу үндэстний  ой санамжийг эргэн харахад
эвлэлдэн нэгдсэн цагтаа хүчтэй болж, олон жижиг хэсэгт хуваагдсан үедээ
мөхөж байсан. Үүнийг өнөөдрийн бодит байдал дээр шалгуур болгон харахад
ямар байна вэ? Ардчиллын үнэт зүйлс нь ч, анх ярьж байсан болгон нь
Монголын ард түмний нийтлэг эрх ашигт таарч байна уу. МУНН бол эв
нэгдэл, үндэсний эрх ашгийн үүднээс асуудалд  ханддаг. Гишүүнчлэлийн
хойноос улайран хөөцөлддөггүй. Цөөн ч гэсэн зөв сэтгэлтэй гишүүн л
чухал. Тиймээс нэгдэж болохгүй гэх шалтгаан алга. Харин хэнтэй нэгдэх вэ
гэдгийн хувьд өөр асуудал.

-Магадгүй үзэл бодлын хувьд танай нам Үндэсний шинэ намтай илүү ойролцоо байх л даа?

-Үндэсний шинэ нам, Эх орон намтай үзэл бодлын хувьд дөхүү. Гэхдээ энэ
нь механик нэгдэл биш байх болно. Механик нэгдэл ямар сөрөг нөлөөтэй
байдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Өнөөдрийн байдлаар
ИЗН, МНН бол либерал үзэл баримтлалтай. ҮШН, МУНН бол цэвэр үндэсний эрх
ашгийг дээдэлдэг намууд. Тиймээс нэгдэхэд болохгүй гэх зүйлгүй. Нам бол
үзэл бодлын нэгдэл. Өнөөдөр эрх барьж байгаа намуудад хувийн ашиг
сонирхлоор л нэгдэж байна.  Аль намыг дагавал ашигтай вэ, хэнийг дэмжвэл
албан тушаалтай болох вэ гэсэн ийм нэгдэл хол явахгүй. Харин ч төрийг
бузарлаж гүйцлээ. Намын зорилго нь засгийн эрх мэдлийг Үндсэн хуулийн
хүрээнд авах, өөрсдийн үзэл баримтлалаас үүдэлтэй бодлогоороо улс орноо
улсын дайтай авч явахад байдаг. Гэтэл манайд сонгуулиар засгийн эрх
мэдэл шилжих боломж үндсэндээ шавхагдаад байна. Ийм нөхцөлд Үндсэн
хуулийн бус замыг л сонгох болох байх даа.

-Яагаад?

-Хууль хэрэгжихээ байгаад ирэхээр хүчирхийлэл бий болдог  жамтай.
Хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй бол хүссэн, хүсээгүй эсэргүүцэл хүчээ
авч л таарах байх. Сонгууль нь зөвхөн мөнгөнд дөрөөлөгдсөн булхай луйвар
болж байна. Сонгосон хүн нь байхгүй болохоор ард олон дургүйцэх нь зүйн
хэрэг. Тэгээд ч шударга бус байдал газар авч төсвийн мөнгийг үргүй
зарцуулан, ард олны амьдрал доройтож байхад энэ жилийн төсвийн хууль 
дэндэнэ ээ. Энэ төсвийн балаг нь эрх баригчдын өөрсдийн толгой дээр
аянга болон буух цаг тун удахгүй болов уу даа. Ер нь ярих юм бол
барагдахгүй. Товчхондоо нийгэм бүхэлдээ өөрчлөлт, шинэчлэлт хийхийг,
монгол хүн Монгол нутагтаа эзний ёсоор амьдрахыг хүсч байна. Энэ хүсэл,
эрх баригчдын тэнэглэл хоёрын мөргөлдөөнөөс зайлсхийх арга тун бага
үлдлээ л гэж хэлэх байна.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж