Ерөнхий сайд С.Батболд 1986 онд тус сургуулийг төгссөн бөгөөд 24 жилийн дараа дахин сургуульдаа зочлон ирсэндээ сэтгэл их хөдөлж байгаагаа хэлээд сургуулийнхаа хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекцдээ өөрийн орны түүх соёл,туулсан замнал өнөөгийн хөгжлийн байдал цаашдын төлөв,олон улсын болоод бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж буй үүрэг Монгол хүний хөгжлийн талаар ,Монгол төрийн гадаад бодлогын талаар мэдээллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын дээрх сэдвээр уншсан лекц танхимд цугларсан багш оюутнуудын сонирхлыг ихэд татаж ар араасаа цуварсан олон асуултыг түүнд хандаж тавьж байв. Энэ өдөр болсон нэгэн онцлох арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкунов “Хүндэт доктор” цол олгов. Энэ цолыг олон улсын харилцаа, гадаад бодлогын салбарт амжилт гарган ажиллаж буй гадаадын улс төрч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, дипломатуудад олгодог юм байна. Энэ цолыг Израиль Улсын Ерөнхийлөгч Ш.Перес, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун , Эквадор Улсын Ерөнхийлөгч Р.Коррей, Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Франц Улсын Ерөнхийлөгч асан Ж.Ширак зэрэг улс төрчид хүртсэн юм байна. Монгол Улсаас энэ цолыг 1952 онд тус сургуулийг төгссөн Монгол Улсын ШУ-ны Академич Ш.Бира гуай хүртэж байжээ. гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.