Британий элчин сайдыг хөөхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Британий элчин сайдыг хөөхийг шаарджээ

Их Британиас Тегранд суугаа элчин сайд Саймон Гасс нь Иран улсын сэтгүүлч, хуульч, идэвхтнүүдэд тулгарч байгаа эрсдэл, аюулд ихээхэн санаа зовниж, хүний эрхийг онцгой анхаарах хэрэгтэй гэсэн утга бүхий мэдэгдлийг хувийн сайтандаа нийтэлсний улмаас Ираны улс төрчид түүнийг тус улсаас албадан гаргахыг шаарджээ. Хууль тогтоогчид ч мөн адил тус элчин сайдыг Иран, Их Британий холбоо хэлхээг булингартууллаа хэмээн үзсэн байна.

“Гасс нь улс орны үйл хэрэгт хүлээн зөвшөөрч огт болохгүй хүний тод жишээ боллоо, тиймээс түүнийг яаралтай улсаасаа хөөн гаргах ёстой” гэж хууль тогтоогч Хоссейн Собханина улс төрийн хатуу чиг шугамыг баримтлан ням гаригт хэлсэн байна. Консерватив улс төрчид Британийг хоёр нүүртэй улс хэмээн шүүмжилсэн бол нэгэн улс төрч “Их Британид өнгөрсөн долоо хоногт болсон оюутны жагсаалыг хүчээр дарсан явдал нь тус улс дотооддоо ч сөргөлдөөнийг тэвчиж чаддаггүй байдлыг нь харууллаа” гэжээ. Харин өөр нэгэн Ираны улс төрч Гассыг элчин сайдын ёс зүйд суралцах хэрэгтэй хэмээн хэлсэн байна. Ираны засгийн газрыг дэмжигч хэдэн арван хүн Тегран дахь Британий элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Элчин сайд Саймон Гасс нь Ираны хүний эрхийн хуульч Насрин Сотоудэхийг есдүгээр сард баривчилсан хэргийг онцлон жишээ татаж, энэ нь үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл явдал болсон гэж шүүмжилсэн нь ийнхүү хөөгдөх хүртлээ арга хэмжээ авахуулах шалтгаан болсон байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж